“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын ээлжит шуурхай хуралдаан боллоо

2026.10.2059 үзсэн
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын ээлжит шуурхай хуралдаан боллоо

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын өнөөдрийн /2026.10.20/ ээлжит шуурхай хуралдаанаар Тойрог зам, Тусгай замын автобус BRT, Хөрсний ус үерийн хамгаалалтын төсөл, Трам, Метро, Төмөр зам доогуурх Нүхэн гарц, Дүүж

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын өнөөдрийн /2026.10.20/  ээлжит шуурхай хуралдаанаар Тойрог зам, Тусгай замын автобус BRT,  Хөрсний ус үерийн хамгаалалтын төсөл, Трам, Метро, Төмөр зам доогуурх Нүхэн гарц, Дүүжин замын тээвэр болон Sky shuttle зэрэг төслийг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хүрээнд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан. Үүнтэй холбогдуулан төслийн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулах суурь судалгааны ажил эхэлсэн бөгөөд тус ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг хуралдаанаар онцолж, тодорхой чиглэлүүдийг өгсөн. “Sky Shuttle” нь батарейгаар ажилладаг бөгөөд тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих тээврийн хэрэгсэл юм. Тус төслийг хэрэгжүүлснээр нийслэлийн нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх шинэ боломж бүрдэх юм.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг нийт 22 байршилд хэрэгжүүлнэ. Үүнээс Дэлхийн банкны санхүүжилтээр 9, БНХАУ-ын Эксим банкны санхүүжилтээр 6 төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үлдсэн 7 байршилд санхүүжилт, хөрөнгө оруулалт татахаар ажиллаж буйг Усны менежмент, үерийн эрсдэлийг бууруулах төслийн захирал Ш.Баранчулуун танилцуулав.

“Тойрог зам” төслийн тухайд, нарийвчилсан зураг төсөв боловсруулж, ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нэгдүгээр тойрог замын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан, харин Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийлгэх шаардлагатайгаас гадна газар чөлөөлөлт харьцангуй багатай бүсээс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжийг судалж байгааг төслийн менежер Э.Түвшинжаргал мэдээлэв. Харин Хоёрдугаар тойрог зам төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 95 хувьтай үргэлжилж байна.

“Тусгай замын автобус BRT” төслийн зураг төсөл (DED) болон үйл ажиллагааны төлөвлөлт(DOD)-ийн зөвлөх үйлчилгээний тендерийн хоёрдугаар шатыг 2026 оны аравдугаар сарын 26-ны өдөр нээж, техникийн болон үнийн саналыг үнэлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Тус зөвлөх үйлчилгээний тендерүүдийн оролцох сонирхлыг Олон Улсад нээлттэй зарлаж, материалыг 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл хүлээн авсан. Зураг төсөл(DED)-ийн зөвлөх үйлчилгээний тендерт 23, үйл ажиллагааны төлөвлөлт(DOD)-ийн зөвлөх үйлчилгээний тендерт 13 оролцогч материалаа ирүүлжээ.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргын тушаалаар байгуулагдсан үнэлгээний хороод ирүүлсэн материалыг хянан үнэлж, тендер тус бүрд зургаан оролцогчийг богино жагсаалтад шалгаруулсан байна. Цаашид төслийн хэрэгжилтийг хангах хүрээнд эрчим хүчний инженерүүдийн оролцоог нэмэгдүүлж, шаардлагатай мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатайг төслийн зүгээс тодотгов.

“Улаанбаатар трамвай” төслийн хувьд, Техник, эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулж дууссан, харин дараагийн шатны ажлуудыг урагшлуулахын тулд газар чөлөөлөлтийг шуурхайлах гарц шийдлийг төслийн менежер Б.Дэчиннямбуу хуралдааны үеэр танилцуулсан.

Шуурхай хуралдааны үеэр төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд Олон Улсын стандарт, норм дүрмийг төслүүдэд нэвтрүүлэх, төслийн менежментийн төлөвлөгөөг төслүүдийн хэрэгжилттэй уялдуулан тухай бүрд нь боловсруулж, зэрэгцүүлэн хэрэгжүүлэх чиглэлийг өгсөн. Мөн зарим төслийн ТЭЗҮ, БОННҮ зэрэг суурь судалгааг хугацаанд нь боловсруулж дуусгахаар ажиллаж байна.

Command Palette

Search for a command to run...