“Ханын материал орон сууцжуулалт” төсөл: Эхний ээлжийн барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо буюу Ханын материал орчмын 12.6га талбайн гэр хорооллыг орон сууцжуулах 1 дүгээр үе шатны 1800 айлын орон сууцны төслийн төсөл хэрэгжүүлэгчээр “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс к
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо буюу Ханын материал орчмын 12.6га талбайн гэр хорооллыг орон сууцжуулах 1 дүгээр үе шатны 1800 айлын орон сууцны төслийн төсөл хэрэгжүүлэгчээр “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК нарын түншлэл ажиллаж байна. Эхний ээлжийн зургаан блок бүхий 690 айлын орон сууцны барилга угсралтын ажил 2026 оны тавдугаар сарын сүүлээр эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлд хүрчээ. Барилгын блок тус бүрд хана, баганын арматурчлал, хэв хашмал угсрах, нэгдсэн дулаан зогсоолын барилга угсралт, давхар тус бүрийн цутгалт хийх, цонх суулгах зэрэг ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаа юм.

Тус төслийн хүрээнд орон сууцны барилга байгууламж барихаас гадна оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээг хангах нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийн шийдлүүдийг цогцоор нь төлөвлөснөөрөө онцлогтойг төсөл хэрэгжүүлэгч “Материалимпэкс констракшн” ХХК-ийн төслийн удирдагч П.Баатарцэрэн тодотгов. Тэрбээр “Эхний ээлжийн зургаан блок барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төсөл нь нийт 12.6 га талбайг хамрах бөгөөд 400 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургууль, 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн ил авто зогсоол 550, дулаан зогсоол 870 гаруй, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зам зэргийг цогцоор нь байгуулахаар төлөвлөж байгаа” гэв.

Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн ерөнхий инженер О.Эрдэнэ-Отгон “Төслийн хүрээнд 213 нэгж талбар чөлөөлөхөөс 210 нэгж талбарыг бүрэн чөлөөлсөн. Үлдсэн гурван нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөх ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын газараас зохион байгуулж байна” хэмээв.

Барилга угсралтын ажлыг тогтвортой, тасралтгүй үргэлжлүүлэх, материал хангамжийг шуурхай зохион байгуулах зорилгоор төслийн талбайд 180 м³ хүчин чадалтай бетон зуурмагийн үйлдвэр байршуулжээ. Тус үйлдвэр нь барилга угсралтад шаардлагатай бетон зуурмагийг газар дээр нь үйлдвэрлэн нийлүүлж байгаа бөгөөд ингэснээр материал тээвэрлэлтийн зохион байгуулалтыг сайжруулах, ажлын уялдаа холбоог хангах, барилгын ажлын тасралтгүй байдлыг дэмжих нөхцөл бүрдэж байна.

Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр орон сууцны хангамжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, үйлчилгээний барилга, авто зам, зогсоол, ногоон байгууламж зэрэг оршин суугчдад шаардлагатай орчныг бүрдүүлэхээр төлөвлөж байна. Ийнхүү орон сууц болон нийгмийн дэд бүтцийг уялдуулан хөгжүүлэх замаар тухайн бүсийн төлөвлөлтийг сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.
