УЛААНБААТАР МЕТРОНЫ ТӨСЛИЙН ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТЭНГ БНСУ-ЫН “ХАЛЛА” ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН БЭЛТГЭНЭ

Нийслэлийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой төслийн нэг болох Улаанбаатар метроны бүтээн байгуулалтад ашиглалт, засвар хариуцах инженер техникийн мэргэжилтэн шаардлагатай. Энэ хүрээнд НЗДТГ, ШУТИС, “Духуа инженеринг” ком
Нийслэлийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой төслийн нэг болох Улаанбаатар метроны бүтээн байгуулалтад ашиглалт, засвар хариуцах инженер техникийн мэргэжилтэн шаардлагатай. Энэ хүрээнд НЗДТГ, ШУТИС, “Духуа инженеринг” компани хамтран ШУТИС-д хоёр жил, БНСУ-д хоёр жил суралцуулах “2+2” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхээр болж, БНСУ-ын хувийн болон улсын их сургуулиудад хүсэлт тавьсан билээ.
Хамтран ажиллах санал илэрхийлсэн их дээд сургуулиудаас БНСУ-ын хамгийн анхны хурдны галт тэрэгний бүтээн байгуулалтыг хийсэн “Халла” их сургуулийг сонгосон байна. Энэ хүрээнд НЗДТГ, ШУТИС, “Халла” их сургууль хооронд хамтран ажиллах гурван талт санамж бичгийг /2024.12.25/ байгууллаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Бидний хүүхэд, хойч ирээдүйд үлдэх бүтээн байгуулалтын үндэс суурийг тавихад боловсон хүчний бодлого чиглэж байна. Бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцээд хүний нөөц, тэр дундаа мэргэжлийн инженер, техникийн ажилтнуудаа бид бэлтгэх ёстой. Мега төслүүдийн гол тулгуур нь чадварлаг мэргэжилтнүүд байх ёстой. Монголын залуусыг мэдлэгтэй, сайн боловсон хүчин болоход анхаарч ажиллаарай” гэв.
“Халла” их сургуулийн захирал Ким Инь Гүон “Хамтран ажиллах болсондоо баяртай байгаа ч, үүнийг дагаад маш их үүрэг хариуцлага ирж байгааг ухамсарлаж байна. Учир нь Улаанбаатарт ирээд түгжрэлээс шалтгаалан иргэдийн хувийн амьдралд ч өөрчлөлт гарч, ихэнх цагаа түгжрэлд зарцуулж буйг ойлгосон. Метро төсөл дээр Нийслэлийн зүгээс маш их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна. Монгол Улсын түүхэнд үлдэх боловсон хүчнийг бэлтгэх ажилд хариуцлагатай хандахаа, сургуулийн зүгээс том хувь нэмэр оруулахаа та бүхний өмнө амалж байна” гэсэн юм.
Уулзалтад Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн метро төслийн менежер Т.Мөнхдалай, метро төслийн барилгын инженер Ц.Сугармаа, БНСУ-ын “Халла” их сургуулийн захирал Ким Инь Гүон, профессор Пак Минь Гюү, ШУТИС-ийн захирал Т.Намнан нар оролцлоо.
Сонирхуулахад “Халла” группийн охин компаниуд нь автомат жолоодлого болон автомашины эд ангиудын дэлхийн зах зээлд 46 дугаар байр, БНСУ-ын Солонгос Улсын барилгын салбарын 30 дугаар байрт жагсдаг. Тус группийн бааз суурийг түшиглэн монгол оюутнууд чадавхжих бүрэн бололцоотой болж буй юм.