“ФИДИК ГЭРЭЭ”-НИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн мега төслүү
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн мега төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс “Фидикийн жишиг гэрээ”-ний сургалтыг нийт ажилтнуудын дунд үе шаттайгаар зохион байгуулж, Монгол Улсын хууль тогтоомжид хэрхэн нийцэх тухай болон тус гэрээний онцлог, төрөл зэрэг өргөн сэдвээр мэдээлэл өглөө. Төслийн нэгжийн Олон улсын гэрээний эрх зүйч Б.Алтансувд “Фидикийн гэрээ” боловсруулахад оролцож байсан мэдлэг, туршлагаа төслийн нэгжийн дотоодын инженер мэргэжилтнүүдтэй хуваалцсан юм.
Олон Улсын гэрээний эрх зүйч Б.Алтансувд хэлэхдээ “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төслийн нэгж нь мега төсөл хэрэгжүүлэх чиг үүрэгтэйн хувьд ФИДИК-ийн жишиг гэрээний мэдлэг мэдээллийг инженер мэргэжилтнүүдэд зайлшгүй олгох учиртай. Тус гэрээнд төслийн оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тэнцвэртэй хуваарилж, хэрхэн цаг хугацаа алдалгүйгээр, эрсдэлгүй, эдийн засгийн алдагдалгүй, стандартын дагуу тухайн төслийг хэрэгжүүлэх вэ гэдгийг нарийн тусгасан байдаг. Фидикийн жишиг гэрээнүүд нь төслийн онцлогоос шалтгаалан олон төрөлтэй бөгөөд Зам, Барилгын төслүүдэд улаан, шар номыг ашигладаг. Харин түлхүүр гардуулах нөхцөлтэй барилга угсралтын төслүүдэд мөнгөлөг номыг, Зөвлөх үйлчилгээнд цагаан номыг гэрээний загвар болгон ашигладаг” гэв.
Анх 1913 онд Франц, Бельгийн инженерүүд “Олон Улсын зөвлөх инженерүүдийн холбоо”-г байгуулсан бөгөөд “ФИДИК-ийн жишиг гэрээ”-г 1957 онд боловсруулан хэвлүүлж байжээ. Улмаар 1999 оноос хойш гэрээнд оролцогч талуудын эрсдэлийн тэнцвэртэй хуваарилалтыг зайлшгүй тусгах шаардлага үүссэн учраас 2017 онд улаан, шар, мөнгөлөг номуудыг шинэчлэн хэвлэж өргөнөөр ашиглаж байна.
Дэлхийн 102 орныг эгнээндээ нэгтгэдэг “Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо”-нд Монголын Барилгын Үндэсний Ассоциаци 2023 онд элссэн билээ.