БНФУ-ЫН ПОМА ГРУППИЙН ТӨЛӨӨЛӨЛ ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН II ШУГАМЫН ТРАСС ДАГУУХ СУДАЛГААТАЙ ТАНИЛЦЛАА

Олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлж, авто замын ачааллыг бууруулах хүрээнд Дүүжин замын тээврийн төслийг нийслэлийн хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр болсон. “Яармаг, Арцат –Өнөр хороолол” чиглэлийн бүтээн байгуулалтын ажил
Олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлж, авто замын ачааллыг бууруулах хүрээнд Дүүжин замын тээврийн төслийг нийслэлийн хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр болсон. “Яармаг, Арцат –Өнөр хороолол” чиглэлийн бүтээн байгуулалтын ажил эхэлж, тулгуур багануудын шон суурийн өрөмдлөгийн ажил өрнөж байна. Харин хоёрдугаар шугам буюу Үндэсний cоёл амралтын хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлийн төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхэлж, дэд бүтэц, суурь судалгааны ажлууд хийгдэж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр /2025.03.27/ БНФУ-ын Пома группийн “Улаанбаатар кабль кар” төсөл хариуцсан санхүүгийн менежер Седрик Гендрон, “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж” УТҮГ-ын захирал У.Баатар, Дүүжин замын тээвэр төслийн захирал Б.Дамбарагчаа нар трасс дагуу ажиллалаа.
Дүүжин замын тээвэр төслийн II шугамыг иргэдийн зорчилт ихтэй, авто замын сүлжээ өргөтгөх боломжгүй, нийтийн тээврийн хүртээмж багатай байршлыг сонгон хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, төслийн хоёрдугаар шугам нь Хан-Уул дүүргийн 15,17,18 дугаар хороо, мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо болонСүхбаатар дүүргийн нэгдүгээр хороог хамран хэрэгжих бөгөөд тухайн бүсэд нийт 82 мянга орчим хүн амьдарч байна. Тиймээс тухайн бүсийн иргэдэд олон төрөлт нийтийн тээврийг хүртээмжтэй болгоход энэхүү төсөл чухал ач холбогдолтой гэдгийг ажлын хэсэг тодотгож байв.
Ташрамд дурдахад, нийслэл Улаанбаатар хотод 2023 оны байдлаар 1,650 мянга орчим хүн амьдарч байна. Олон жилийн төлөвлөлтгүй газар олголт, дэд бүтцийн дутагдалтай нөхцөл байдал, хүн амын төвлөрлөөс үүдэн хотын авто замын сүлжээний ачаалал эрс хүндэрсээр оргил цагийн үед 97 км зам ачаалал ихтэй буюу түгжрэлтэй болсон. Цаашид олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлж, арга хэмжээ авахгүй бол авто замын ачаалал нэмэгдсээр 2030 он гэхэд 32 хувиар нэмэгдэх урьдчилсан судалгаа гарсан байна. Тиймээс нягтрал ихтэй ч, хоорондоо автозам, нийтийн тээврийн сүлжээгээр холбогдоогүй, голоор тусгаарлагдсан газруудын түгжрэл, ачааллыг шийдэх хүрээнд Дүүжин замын тээвэр төслийг хоёр чиглэлд барьж байгуулахаар болсон билээ.