БАГАХАНГАЙ-ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМ БАРИХ ТӨСӨЛ

2025.04.1598 үзсэн
БАГАХАНГАЙ-ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМ БАРИХ ТӨСӨЛ

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ? Улаанбаатар хотод олон улсын стандарт шаардлагыг хангасан галт тэрэг хүлээн авах нэгдсэн ачаа тээврийн логистикийн терминал бай

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам төслийг хэрэгжүүлэх үндэслэл шалтгаан юу вэ?  

Улаанбаатар хотод олон улсын стандарт шаардлагыг хангасан галт тэрэг хүлээн авах нэгдсэн ачаа тээврийн логистикийн терминал байхгүйгээс 10 терминал, 300 гаруй салбар замуудаар ачаа бараа түгээгдэж байна. Эдгээр терминал нийслэлийн төвд байрладаг учир хотын авто замд эвдрэл, түгжрэл үүсгэж, цаашлаад агаар, хөрс орчныг бохирдуулан, оршин суугчдын амьдралын аюулгүй байдлыг алдагдуулж байна. Салбар төмөр замын бүтээн байгуулалт нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн эрчмийг нэмэгдүүлэх, логистикийн төвийн төслүүдийг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой бөгөөд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад хувь нэмэр оруулах төсөл юм.  

Төслийн товч танилцуулга 

Шинээр баригдах салбар төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салбарлан, Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур дамжин, Олон Улсын шинэ нисэх онгоцны буудлын урдуур чиглэн, Хөшигийн хөндийд төлөвлөгдөж буй “Эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэржилт, тээвэр логистикийн бүс” хүрэх төмөр замын шугам юм. Уг төмөр замын шугамыг нийт 102 км урт дан замтай, 2 өртөө, 4 зөрлөгтэй, 2,5 км урт орчим гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөж байна. Хүчин чадлын хувьд 2040 онд жилдээ 7 сая тонн хүртэлх ачаа тээврийг нэвтрүүлдэг агуулах, гаалийн үзлэгийн нэгдсэн цогцолбор байдлаар төлөвлөнө. 

Төслийн ач холбогдол

Чингэлэг тээвэр бүхий барилгын материал, хүнсний бүтээгдэхүүнийг нийслэлээс гадна байрлуулж, Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг дагасан дагуул суурьшлын бүсийг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой төсөл юм. Хөшигийн хөндий рүү салбар төмөр зам барьснаар орон нутаг, аймгууд руу явах импортын ачаа барааг Нийслэл рүү оруулалгүйгээр “Хөшигийн хөндий” болон “Оргоч уул” терминал дээрээс авах боломжтой байхаар зохион байгуулна. Ингэснээр хот доторх том оврын ачааны автомашины ачаалал 50 хувь буурах тооцоог гаргасан. Одоогоор хотын гол замын дөрвөн хэсэгт хоногт дунджаар 195 минутыг галт тэрэгний хөдөлгөөнд зориулж авто замыг хаадаг бөгөөд энэ хугацааг 35 минут болгон бууруулах боломжтой. Түүнчлэн гармын хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг бууруулснаар жилд дунжаар 445 сая төгрөгийн шатахууны үргүй зардлыг хэмнэх тооцооллыг гаргаад байна.  

 

Command Palette

Search for a command to run...