“МЕГА ТӨСЛҮҮДЭД МОНГОЛ ТАЛЕНТУУДАА ТАТАН ОРОЛЦУУЛАХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” СЭДЭВТ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ЗГХЭГ-ын санаачилгаар НЗДТГ, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Эрдэнэс үйлдвэр технологийн парк” ХХК-иас “Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион
ЗГХЭГ-ын санаачилгаар НЗДТГ, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Эрдэнэс үйлдвэр технологийн парк” ХХК-иас “Мега төслүүдэд Монгол талентуудаа татан оролцуулах боломж, шийдэл” сэдэвт цахим хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус хэлэлцүүлгийн зорилго нь гадаадад ажиллаж, амьдарч буй залуусыг Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжих төслүүдэд хэрхэн оролцох боломжоор хангах, тэдгээрт шаардлагатай хүний нөөц, мэдлэг, ур чадварын талаар мэдээлэл солилцоход чиглэж байна. Хэлэлцүүлгийн эхэнд ЗГХЭГ-ын даргын зөвлөх О.Энхзул “Хүний нөөцийн шилжилт” сэдвээр илтгэж, Мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хүний нөөцийн хомсдол үүсч, чадварлаг боловсон хүчнийг гадагшаа алдаж буй асуудлыг хөндөн, гадаадад ажиллаж буй мэргэжилтэн, докторуудтай хэрхэн уялдаатай хамтран ажиллаж, залуусын мэдлэг боловсролыг эх орондоо шингээх боломжийн талаар чөлөөтэй ярилцаж, санал солилцлоо.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Төслийн удирдлагын албаны дарга Б.Мөнхбаатар нийслэлд хэрэгжүүлж буй
мега төслүүдийг танилцуулан метро, трамвай, тусгай замын автобус, хурдны зам, цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтуудад гадаадад туршлага мэдлэг хуримтлуулсан залуусын эрэлт их байгааг тодотгов. “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын нийт ажилтнуудын 80 орчим хувь нь инженерүүд бөгөөд түүний 40 орчим хувь нь гадаадад боловсрол эзэмшсэн залуус байгаа юм.
Хэлэлцүүлэгт оролцсон залуусын зүгээс туннелийн барилгын бүтээн байгуулалт, Хог шатаах үйлдвэр, Хүннү хотын дэд бүтцийн төлөвлөлтөд хамтарч ажиллах боломж зэргийг сонирхсоноос гадна газар хөдлөлтөд тэсвэртэй байх судалгааны ажилд оролцох, мөн эрчим хүчний чиглэлийн төслүүдэд мэдлэг туршлагаа хуваалцах хүсэлтэй гэдгээ илэрхийллээ. ЗГХЭГ-ын зүгээс мега төслүүдийг богино, дунд, урт хугацаанд томъёолж, залуусын саналыг нэгтгэн Засгийн газар, УИХ-ын холбогдох ажлын хэсэг, хороодод танилцуулж, цаашдын ажлуудыг төлөвлөн явуулах аж.