УИХ-ЫН ГИШҮҮД ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Дүүжин замын тээврийн төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг, Арцат – Өнөр хороолол чиглэлийн ажил өрнөж, тулгуурын хавтан, буудлын барилга угср
Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Дүүжин замын тээврийн төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг, Арцат – Өнөр хороолол чиглэлийн ажил өрнөж, тулгуурын хавтан, буудлын барилга угсралтын ажил хийгдэж байна. Яармаг, Арцатын бүсэд 1 га талбайд 98 кабины гараж, засварын цех, авто зогсоол байгуулах бүтээн байгуулалт үргэлжилж байгаа бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Р.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2025.05.18/ төслийн талбайд ажиллалаа.
УИХ-ын даргын 2025 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан тус ажлын хэсэгт Д.Жаргалсайхан, Г.Хосбаяр, Г.Очирбат, Б.Жаргалан нарын гишүүд багтсан бөгөөд энэ үеэр Дүүжин замын тээврийн төслийн хэрэгжилтийн явц, хөрөнгө оруулалтын үр өгөөж, цаашдын үйл ажиллагааны зардлын тооцооллыг хөндөн, хамгийн чухал нь түгжрэлийг бууруулахад энэхүү төсөл ямар нөлөөлөл үзүүлэхийг тодруулж байв. УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Олон төсөл нэгэн зэрэг эхлүүлж буй энэ үед хөрөнгө оруулалтыг эрэмбэлэн, оновчтой төлөвлөх шаардлагатай байна. Монгол Улсад хөрөнгө оруулалтын орон зай, хил боомтын нэвтрэх чадвар, ажиллах хүчний нөөц тодорхой байгаа тул энэхүү боломжуудыг ашиглах хэрэгтэй. Нэг хотод амьдарч буй бид хотоо илүү сайхан болгохын төлөө ухаалаг шийдлээр ажиллах ёстой” гэв.
Монгол, Францын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй нийт 60.7 сая еврогийн өртөгтэй, 40 жилийн хугацаатай энэхүү зээлийг эхний12 жилд хүү төлөхгүй, 13 дахь жилээс эхлэн 0.0076 хувийн хүү төлөх нэн хөнгөлөлттэй зээлийн нөхцөлтэйг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Дүүжин замын тээврийн төслийн зүгээс мэдээлэв. Төсөл хэрэгжиж дууссанаар Сонсголонгийн гүүр, Яармаг орчмын түгжрэл 15 хувиар буурч, нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд бодит өөрчлөлт авчрах бүтээн байгуулалт болохыг дурдсан. Энэхүү төсөлд монголын үндэсний компаниуд болох “Моннис инженеринг” гүйцэтгэгчээр, “Цагаан уран хийц ХХК” туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.