НИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС VI ХУРАЛДААНД МЕГА ТӨСЛҮҮДИЙН ЯВЦ, ТУЛГАМДСАН АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаанаар нийслэлд хэрэгжиж буй 24 мега төслийн явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч, төлөөлөгч
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VI хуралдаанаар нийслэлд хэрэгжиж буй 24 мега төслийн явц, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч, төлөөлөгч Д.Бадарсан хуралдаанд төслүүдийг танилцуулсан юм. Танилцуулгын дараа Ү.Оюунзул, Б.Мягмар, Л.Ариунтуяа, Т.Батцогт, Ч.Батзориг, Б.Ану-Үжин, Б.Дөлгөөн, О.Зундуйдорж, Т.Отгонболд нарын төлөөлөгчид асуулт тавьж, хариултыг холбогдох албаныхан өгсөн.
“Сэлбэ 20 минутын хот корпораци”-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “24 мега төслийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ 53 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 9 төслийн ТЭЗҮ бүрэн дууссан. Төслүүд бэлтгэл, эхлэл, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт-хүлээн авах, ашиглалт гэсэн таван үе шатуудыг дамжиж хэрэгждэг бөгөөд одоогийн байдлаар гүйцэтгэлийн шатанд орсон төсөл цөөн байгаа”-г мэдээлэв.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төслийн менежер, төлөөлөгч Б.Мягмар “Улаанбаатар хотод олон жил тулгамдсан асуудлыг шийдэх 24 мега төсөлд ахиц дэвшил байгаа. Цаашид төслүүдийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэл, тасралтгүй байхад анхаар. Тухайлбал, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн EPC олон улсын тендер зарлагдсан. Гэхдээ энэ хоёр баригдлаа гээд парк бүхэлдээ ашиглалтанд орохгүй. Үерийн байгууламж, замын асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай учраас төслүүд уялдаа холбоотой, тасралтгүй хэрэгжих ёстой”-г анхааруулав.
Төлөөлөгч Т.Батсүх төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр хотын хөгжилд ахиц гарах хэдий ч санхүүжилтийн эх үүсвэр бэлэн болсон төслүүд дээр анхаарал хандуулж, эх үүсвэр тодорхойгүй төслүүдэд анхаарал сул, орхигдож байгааг шүүмжиллээ. Түүнчлэн бүх үзүүлэлт нь тэг байгаа төслийг заавал төслүүдэд багтаах шаардлагатай эсэхийг тодруулсан юм.
Хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн дийлэнх нь төслүүдийг хэрхэн эрэмбэлсэнд анхаарал хандуулж байсан бөгөөд төлөөлөгч Б.Дөлгөөн төслийн эрэмбэ тодорхой эсэх, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд аль төслийг түрүүлж хэрэгжүүлэхийг тодорхойлсон, эсэхийг онцолсон юм.
Дээрх асуултад Улаанбаатар хотын ерөнхий архитектур Ч.Төгсдэлгэр хариулт өгсөн. Тэрбээр “Төслүүдийг эрэмбэлэхдээ салбарын хүрээнд дөрөв ангилаад байна. Тулгарч буй ямар асуудлыг шийдэж байгаа вэ буюу үр дүнд суурилсан байдлаар төслүүдийг эрэмбэлсэн. Замын хөдөлгөөний эрчим, агаарын бохирдол хэдэн яндангаар буурч байгаагаар эрэмбэлсэн. Түүний дараагаар төслийн үр дүн болоод өртөг гэсэн матриксаар төслүүдийг эрэмбэлсэн. Түгжрэлийг бууруулах метро, трам, тойрог зам зэрэг хамгийн чухал төслийг эрэмбэнд, агаарын бохирдлын чиглэлээр Дулааны тавдугаар цахилгаан станц, Дулааны тархмал эх үүсвэр, Сэлбэ орон сууцжуулах төслүүд эхний ээлжийн эрэмбэнд орсон. Баянхошуу хот орон сууцжуулалт 41.9 хувьтай, дүүжин замын тээвэр 17.3 хувьтай, Хүннү хот 20 хувьтай, Эмээлт эко 5 хувьтай барилгын ажил үргэлжилж байна” гэсэн юм.
Хуралдаанд оролцогчид төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах, төслүүдэд тулгарч байгаа асуудлыг ил тод нээлттэй санал солилцож байх нь зайлшгүй шаардлагатайг онцолсон юм. Өнөөдрийн хуралдаан 55.6 хувийн ирцтэйгээр үргэлжилж байгаа бөгөөд “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай, “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай, “Багахангайн Мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.