ШИНЭ ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМЫН ТРАССЫГ ГУРВАН ХУВИЛБАРТАЙ БОЛОВСРУУЛЖЭЭ

2025.05.29147 үзсэн
ШИНЭ ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМЫН ТРАССЫГ ГУРВАН ХУВИЛБАРТАЙ БОЛОВСРУУЛЖЭЭ

Хотын дэд төвүүдийг холбох, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хүрээнд нийслэл Улаанбаатар хотод Туулын хурдны зам, Шинэ тойрог зам болон Шинэ хоёрдугаар тойрог зам төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тус хоёр

Хотын дэд төвүүдийг холбох, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах хүрээнд нийслэл Улаанбаатар хотод Туулын хурдны зам, Шинэ тойрог зам болон Шинэ хоёрдугаар тойрог зам төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тус хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ-ийг нэгдүгээр тойрог замтай уялдуулан боловсруулж буй бөгөөд трасс сонголтыг гурван хувилбартай хийжээ. БНХАУ-ын Гаунду мужийн Зураг төслийн хүрээлэнгээс боловсруулж байгаа тус ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 40 орчим хувьтай хэрэгжиж буй аж. Трассын сонголтуудтай газар дээр нь танилцаж ажиллах үеэр Авто зам, замын байгууламжийн менежер А.Ерболоос зарим зүйлийг тодрууллаа.  


Шинэ хоёрдугаар тойрог замыг хэдэн км байхаар төлөвлөж байгаа вэ?
Шинэ хоёрдугаар тойрог зам нь хоёр хэсгээс бүрдэнэ. Хотын баруун болон зүүн талд баригдах юм. Баруун талын зам нь 15 км байх бол зүүн талын зам нь 5-6 км байхаар төлөвлөсөн. Хоёрдугаар тойрог замын трассын хувьд 3 хувилбар боловсруулаад байна. Бид трассыг гаргахдаа Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж буйг тодотгоё. Тухайлбал, Дэд төв болон хөгжих Тахилтын ам, Баянголын амтай авто замаа холбохоор төлөвлөж байна. Мөн хоёрдугаар тойрог зам маань Туулын хурдны замтай огтлолцох бол баруун талд Сонгинохайрхан дүүргийн тойрог, урд талаас Туулын хурдны замтай холбогдох гэх мэт авто замын цогц сүлжээг бий болгохоор зорьж байна.  


ТЭЗҮ-ийн ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?

БНХАУ-ын Гаунду мужийн Зураг төслийн хүрээлэнгээс боловсруулж буй ТЭЗҮ-ийн ажил 40 хувьтай хэрэгжиж байна. Засгийн газрын тогтоолоор үндсэн координатуудыг тогтоож өгсөн. Одоо бид тухайн байршлуудтай уялдах холбоог нь хангах хүрээнд газар дээр нь гурван хувилбартай танилцаад явж байна. Улмаар Улаанбаатар хотын захирагчийн албанд танилцуулж, дараа дараагийн ажил руу орох төлөвлөгөөтэй байна.  


Шинэ нэгдүгээр тойрог зам төслийн талаар мэдээлэл өгөөч. Ямар шатандаа хэрэгжиж байна вэ?
Шинэ тойрог нэгдүгээр зам нь 24,5 км байх ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Шинжлэх ухаан, техникийн зөвлөл, Зам тээврийн яамаар холбогдох баримтуудыг батлуулах ажил үлдсэн. Ирэх 6 дугаар сард баталж, 7 дугаар сард EPC нөхцөлтэй Тойрог замын тендерийг зарлаж, 9 дүгээр сард гүйцэтгэгчийг шалгаруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Туулын хурдны зам төслийн тендерийг ирэх 6 дугаар сарын 10-ны өдөр нээж, 14 хоногт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах төлөвлөгөөтэй. Ингэснээр Туулын хурдны замыг эхлүүлэх ажил маань давхар хийгдээд явж байна гэсэн үг. Туулын хурдны зам, Шинэ тойрог замын ТЭЗҮ боловсруулж дуусаад, трасс сонголтыг баталсан.
 

Command Palette

Search for a command to run...