ФИОН БЛАЙТ: ИБУИНХУ-ын Экспортын санхүүжилтийн агентлаг, НЗДТГ хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан

Нийслэл Улаанбаатар хотод УЛААНБААТАР МЕТРО төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд ИБУИНХУ-ын Экспортын Санхүүжилтийн Агентлаг (UK Export Finance) болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд 2025 оны тавдуга
Нийслэл Улаанбаатар хотод УЛААНБААТАР МЕТРО төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж, энэ хүрээнд ИБУИНХУ-ын Экспортын Санхүүжилтийн Агентлаг (UK Export Finance) болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хооронд 2025 оны тавдугаар сарын 08-ны өдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байна. Энэ талаар Их Британи, Умард Ирландын Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Фион Блайтаас тодрууллаа.
Дэлхийн хамгийн анхны метрог Английн Лондон хотноо барьж байгуулж байсан түүхтэй. Харин Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллах болсон тухайд тодруулъя?
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 19.4 км урттай метроны нэгдүгээр шугамыг Толгойтоос Амгалан чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төсөл нь Улаанбаатар хотод тулгамдаж буй автозамын түгжрэл, агаарын бохирдол зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Тэр дундаа иргэдийн автомашины хэрэглээг багасгах, нийтийн тээвэрт суурилсан явган алхалтыг дэмжсэн хот болох эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр урт хугацаандаа түгжрэлийг бууруулах томоохон шийдэл болно гэж харж байна. Хоёр улсын Засгийн газар тус төслийн санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллах урьдчилсан хэлцлүүдийг хийж байна.
Улаанбаатар метро төсөлд ИБУИНХУ-аас санхүүжилтийн баталгаа гаргах талаар яригдаж байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Худалдаа, бизнесийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга (UK Export Finance буюу Их Британийн Экспортын Санхүүжилтийн Агентлагаар дамжуулан) болон Нийслэл Засаг даргын Тамгын газар хооронд энэ оны тавдугаар сарын 08-ны өдөр хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгууллаа.Тус Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар метро төсөл болон нийслэлийн хэрэгжүүлж буй бусад төслүүдэд UK Export Finance буюу Их Британийн Экспортын Санхүүжилтийн Агентлагаас санхүүжилтийн баталгаа гаргуулах болон төслүүдийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтран ажиллах юм. Ингэснээр ИБУИНХУ болон Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааг дараагийн түвшинд шилжихэд чухал алхам болох бөгөөд хоёр улсын хоорондын харилцаа холбоо, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг бэхжүүлэх суурь үндсийг бүрдүүлнэ гэж харж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд цаашид ямар ажлууд хийгдэх вэ?
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд урт хугацаанд тогтвортой, уян хатан нөхцөлтэй бага хүүтэй зээлийг авах боломжийг бүрдүүлнэ. Мөн санамж бичгийн хүрээнд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Их Британиас туршлага судлах, мэдлэг хуваалцах чиглэлд хамтран ажилласнаар Монгол Улсын бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулна гэж харж байна.
Танд баярлалаа. Танд амжилт хүсье.