МЕГА ТӨСЛҮҮДИЙН УЯЛДААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ҮЕ ШАТТАЙ УУЛЗАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мега төслүүдийн явцыг хянаж, уялдааг эрчимжүүлэх хүрээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ-ын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхнасан төслийн менежер, удирдлагууд
Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн мега төслүүдийн явцыг хянаж, уялдааг эрчимжүүлэх хүрээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ-ын захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхнасан төслийн менежер, удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо. НТУГ-ын хариуцаж буй томоохон 6 төсөл буюу Авто зам, Тусгай замын автобус, Дүүжин замын тээвэр, Улаанбаатар трам, Улаанбаатар метро болон Эрчим хүчний төслийн нэгжийн төлөөлөлтэй 2025 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 12-ны өдрүүдэд уулзсан бөгөөд хэрэгжилт, уялдаа холбоо, тулгамдаж буй асуудлын талаар үе шаттай хэлэлцэв.
Шинэ тойрог зам төслийн хувьд, эдийн засгийн үр өгөөж, хөдөлмөр эрхлэлт, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлсэн бөгөөд үр дүнд нь ажлын байр шинээр бий болж, эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжтойг Авто замын байгууламжийн захирал А.Ербол уулзалтын үеэр тодотгосон. Мөн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах инженерийн шийдлүүдийг ТЭЗҮ-д тусгаж, цаашид хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжуудыг нарийвчлан судлах шаардлагатайг танилцуулав.
Дүүжин замын тээврийн төслийн багтай хийсэн хэлэлцүүлгээр техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалт, санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн. Хууль эрх зүйн орчны тодорхойгүй байдал, эрх шилжүүлэлтийн захирамжийн зохицуулалтад анхаарал хандуулж, ажлын хэсэг байгуулсан талаар хөндөж, цаашид гааль, хууль эрх зүйн зохицуулалт зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатайг ярилцсан байна.
"Улаанбаатар Трам" төслийн хүний нөөц, зөвлөх үйлчилгээ, хууль эрх зүйн орчин, газар чөлөөлөлт, тендэрийн бэлтгэл зэрэгт НТУГ-аас шийдэл гаргаж, чиглэл өгсөн. Түүнчлэн эрсдэлийн удирдлагын бүтэц, ISO нэвтрүүлэлт, мэдээллийн уялдааг сайжруулах талаар хөндсөн.
Улаанбаатар Метро төсөлд одоогоор 15 мэргэжилтэн ажиллаж буй бөгөөд 2026 оны хавраас барилгын ажлыг эхлүүлж, 2030 онд дуусгахаар төлөвлөж буйг танилцуулж байна. Мөн үндэсний боловсон хүчин бэлтгэх хүрээнд ШУТИС, Халла Их сургуультай хамтран сургалт зохион байгуулж, гадаад дотоодын боловсон хүчний төлөвлөлтийг хэрэгжүүлж буйг тодотгов. Санхүүжилтийг нийслэл болон гадаадын эх үүсвэрээс бүрдүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт төслийн мэргэжилтнүүд оролцож, хэрэгжилт явц, хамтын ажиллагаа, цаашдын ажлын чиглэлийн талаар тодотгон хэлэлцсэн байна. Мөн цахилгаан хангамжийн техникийн нөхцөл, инженерийн шийдэл болон 2026 оноос хэрэгжих менежментийн бүтэцтэй холбоотой асуудлуудыг танилцуулж, орон нутгийн нөлөөлөл, газар чөлөөлөлт, шийдвэрлэх арга хэмжээний талаар зөвлөлдөв.