“I ТОЙРОГ ЗАМ” ТӨСЛИЙН ТЭЗҮ 85 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, дэд төвүүдийг холбох “Шинэ тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. “I тойрог зам” төслийн хүрээнд Улаанбаата
Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, дэд төвүүдийг холбох “Шинэ тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
“I тойрог зам” төслийн хүрээнд Улаанбаатар хотыг тойрох 24.2 км урттай авто зам, гүүрэн байгууламж, туннель бүхий иж бүрэн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэх юм. Төслийн трасс нь Эрчим хүчний гудамж, 1-р хороолол, Баянхошуу дэд төв, Сэлбэ төв, Да хүрээний гудамж, Цагдаагийн академийн замын баруун талаар өнгөрч Туул гол орчимд огтлолцохоор төлөвлөсөн. Мөн уг төслийг Туулын хурдны зам төсөлтэй уялдуулан хэрэгжүүлснээр нийслэлийн авто замын түгжрэлийг 35–40 хувиар бууруулах тооцоолол гараад буй.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлд багтаж буй гол бүрдэл хэсгүүд болох авто зам, гүүр, туннелийн зураг төсөл, инженерийн тооцоолол, нийгэм-эдийн засгийн үнэлгээний ажил хийгдэж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж байна. Түүнчлэн трасст өртөх инженерийн шугам сүлжээний асуудлыг хэлэлцэхээр УБЦТС, ЦДС, УБДС, ОСНААУГ зэрэг холбогдох байгууллага, инженерүүдтэй уулзалт зохион байгуулж байна. Мөн геологийн судалгааны хүрээнд 10–46 метрийн гүнтэй 19 цооног өрөмдөж, лабораторийн шинжилгээний тайланг боловсруулан магадлалд оруулахаар бэлтгээд байгаа юм.
ТЭЗҮ-ийг Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжлийн зөвлөлийн хурлаар 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцүүлсэн бөгөөд цаашид Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн төв зөвлөлөөр энэ 6 дугаар сард багтаан хэлэлцүүлэхээр ажиллаж байна.