road

“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙГ НЭЭЛЭЭ

2025.06.26183 үзсэн
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН ТЕНДЕРИЙГ НЭЭЛЭЭ

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ нь Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, дэд төвийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн нэгдсэн зохицуу

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ нь Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, дэд төвийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн нэгдсэн зохицуулалтаар ханган ажилладаг бөгөөд үүний нэг нь “Туулын хурдны зам” төсөл юм. 

Тус төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтыг өнөөдөр буюу 2025 оны 06 сарын 27-ны өдөр зарлаж нээлээ. Энэ талаар Авто зам, замын байгууламжийн төслийн захирал А.Ерболоос тодруулахад “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас “Туулын хурдны зам”-ын ажил болох “НХААГ/20250101139” дугаартай тендерийг нээсэн. Одоогоор дөрвөн байгууллага санал ирүүлээд байна. Ирсэн саналуудыг ажлын хэсэг хуулийн дагуу хянан үзээд үнэлэх ажиллагааг эхлүүлж улмаар хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчидтой гэрээ байгуулах, эрх олгох шат руу шилжинэ. Бид төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй хариуцлагатай байх зарчмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэв. 

Тус хурдны зам нь нийслэлийн зүүн хэсэг Баянзүрхийн товчоо Улаанбаатар–Налайх чиглэлийн авто замаас эхэлж, хотын баруун захын аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км урт, 6 эгнээ бүхий замтай байхаар төлөвлөж, хотын төвийг тойрон гарах хөдөлгөөнийг бий болгох, автозамын сүлжээний ачааллыг бууруулах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Төслийн хүрээнд нийт 12 байршилд гүүрэн байгууламж, 7 байршилд туннель, 7 байршилд хоёр түвшний огтлолцол бүхий гарцуудыг барихаар тусгасан бөгөөд авто замын дагуу 23 байршилд гэрлэн дохиолол, 4686 гэрэлтүүлгийн шон, 2 байршилд бүрэн тоноглогдсон төлбөр хураах цэг байгуулна. Налайхын авто зам, Дүнжингарав, Ажилчдын гудамж, Яармаг, Сонсголон, Эмээлт зэрэг гол чиглэлүүдтэй огтлолцох тул хотыг тойрсон урсгалыг тасралтгүй холбох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой. 

Төсөл хэрэгжсэнээр авто замын сүлжээний түгжрэл 10–20 хувиар буурч, иргэдийн зорчих хугацаа богиносохоос гадна тээврийн хэрэгслээс ялгарах хорт утаа буурч, агаарын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах юм. Мөн автомашины хөдөлгөөн саатал багасахын хэрээр шатахуун зарцуулалт буурч, хэрэглэгчдийн эдийн засгийн үр ашиг нэмэгдэх чухал нөхцөл бүрдэх юм.

Command Palette

Search for a command to run...