transport

УБ МЕТРО ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТҮВШНИЙ ОЮУТНУУДЫГ “2+2” ХӨТӨЛБӨРӨӨР БЭЛТГЭНЭ

2025.06.30200 үзсэн
УБ МЕТРО ТӨСЛИЙН ХҮРЭЭНД БАКАЛАВР, МАГИСТР, ДОКТОРЫН ТҮВШНИЙ ОЮУТНУУДЫГ “2+2” ХӨТӨЛБӨРӨӨР БЭЛТГЭНЭ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт олон төрөлт, их багтаамжийн тээврийн шинэ тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “УБ Метро” төслийг хэрэгжүүлж, энэ хүрээнд дотоодын инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбө

Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт олон төрөлт, их багтаамжийн тээврийн шинэ тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “УБ Метро” төслийг хэрэгжүүлж, энэ хүрээнд дотоодын инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС), БНСУ-ын “Духуа инженеринг” компанитай хамтран хэрэгжүүлэхээр болсон. 

Метроны инженер, мэргэжилтнийг бакалавр, магистр, докторын түвшинд бэлтгэх гурван талт санамж бичгийг өнөөдөр /2025.07.01/ байгуулж, “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал, ШУТИС-ийн захирал Т.Намнан, БНСУ-ын Халла их сургуулийн захирал Ким Еон Гвон нар гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд нийт 200 оюутныг ШУТИС болон Халла их сургуульд тус бүр 2 жилийн хугацаатайгаар бэлтгэн сургаж, дотоодын болон олон улсын тээврийн төслүүдэд туршлагажуулах юм. 

ШУТИС-ийн харьяа Механик, тээврийн сургууль нь 2025–2026 оны хичээлийн жилээс эхлэн метроны Механик болон хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл, Метроны хяналтын инженер, Метроны барилгын инженерчлэл, Метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл гэсэн дөрвөн үндсэн чиглэлд бакалаврын түвшинд оюутнуудыг бүртгэж байна. Мөн магистрын түвшний оюутнуудыг БНСУ-д 40 хувийн тэтгэлэгтэй суралцуулахаар төлөвлөжээ. 

Энэ үеэр “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал хэлэхдээ “Улаанбаатар хотын иргэдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх томоохон ажил бол УБ Метро төсөл. Үүний хүрээнд хоёр улсын төр, хувийн хэвшил, засаг захиргааны байгууллагууд хамтран ажиллаж, хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болох боловсрол, хүний нөөцийн хөгжилд хувь нэмэр оруулж байна. Монголын оюутнууд хичээл зүтгэлтэй суралцана гэдэгт итгэлтэй байна. Энэхүү төслийг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэхэд ШУТИС, Халла их сургууль манлайлан ажиллана гэдэгт гүнээ найдаж байна” хэмээв. 

ШУТИС-ийн захирал Т.Намнан “Монгол Улс болон Нийслэлийн түүхэнд бичигдэхүйц томоохон бүтээн байгуулалтад оролцож, мэргэжилтэн бэлтгэх ажилд манай сургууль тэргүүлэн оролцож байгаад баяртай байна. Энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг шинээр бэлтгэх үйл явц нь зохион байгуулалт, уялдаа холбоо, бодлогын түвшний дэмжлэг шаардсан цогц ажил юм. Багш, оюутнуудыг шаардлагатай мэдлэг мэдээллээр ханган, тасралтгүй дэмжиж, хамтын хүчин чармайлтаар олон сорилтыг даван туулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв. 

БНСУ-ын Халла их сургуулийн захирал Ким Еон Гвон хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, зөвхөн оюутан төдийгүй багшлах боловсон хүчнийг ч амжилттай бэлтгэх нь нэр төрийн хэрэг гэдгийг онцолсон юм. Түүнчлэн зөвхөн метроны төслөөр хязгаарлагдахгүй, цаашид хэрэгжих нийтийн тээврийн бусад төслүүд, тэр дундаа трамвай зэрэг шинэ төрлийн тээврийн хэрэгсэлд ажиллах чадвартай, олон талт мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийг ч бэлтгэх чиглэлээр ажиллана гэдгийг тодотгосон. 

Дашрамд дурдахад, УБ Метро төслийн хүрээнд ШУТИС-ийн найман багшийг 2025 оны 4 дүгээр сараас БНСУ-д мэргэшүүлж, дадлагажуулж буй бөгөөд 2025 оны хичээлийн жилээс эхлэн хөтөлбөр хэрэгжинэ.
 

Command Palette

Search for a command to run...