ДУЛААНЫ 5 ДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН ТҮНШЛЭГЧИЙГ СОНГОХ УРЬДЧИЛСАН ШАЛГАРУУЛАЛТАД 8 КОМПАНИ САНАЛ ИРҮҮЛЖЭЭ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт барих төлөвлөлт бүхий Дулааны 5 дугаар цахилгаан станцын төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан нь 300 МВт цахилгаан эрчим хүч, 340 Гкал дулаан үйлд
Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт барих төлөвлөлт бүхий Дулааны 5 дугаар цахилгаан станцын төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан нь 300 МВт цахилгаан эрчим хүч, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцоолсон. Тус төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг 2025 оны тавдугаар сарын 26-ны өдөр зарлаж, өнөөдөр 10:00 цаг хүртэл оролцох саналыг хүлээн авсан.
Шалгаруулалтад дотоод, гадаадын 8 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлснээс дараах 4 оролцогч саналаа ирүүлсэн байна.
“Пан-Чайна Констракшн групп” ХК
“Шунхлай Холдинг” ХХК
“Митайм Интернэшнл” ХХК
“Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК
Цаашид шаардлага хангасан оролцогчдын үнэлгээний ажиллагааг сонгон шалгаруулалтын ажлын хэсэг хууль, журмын дагуу үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд шалгарсан оролцогчдыг дараагийн шатны уралдаант шалгаруулалтад урих юм.
Дулааны 5-р цахилгаан станц нь Нийслэлийн 5-н шар, 21-р хороолол, Хилчин хотхон, Баянхошуу, 3,4-р хороолол, 1-р хорооллыг дулаанаар хангах төлөвлөгөөтэй. Төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн билээ. Станц ашиглалтанд орсноор гэр хорооллын 51000 яндан буурч, үүний цаана агаарын бохирдол багасаж, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл өндөр байх юм.
Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр тогтвортой өсөж үйлдвэрлэлийн хүчин чадал, хангамжийн эрэлт хоорондын зөрүү нэмэгдсээр байгаа учир Дулааны 5-р цахилгаан станц төслийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа билээ.