"МЕГА ТӨСЛИЙН УДИРДЛАГА: ЭРСДЭЛ БА АМЖИЛТ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, дэд төвүүдийг хөгжүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой бүтээн байгуулалтын төслүүдийг нэгдсэн зохицуулалтаар удирдан хэрэгжүүлдэг “Нэгдсэн төслийн
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, дэд төвүүдийг хөгжүүлэх, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой бүтээн байгуулалтын төслүүдийг нэгдсэн зохицуулалтаар удирдан хэрэгжүүлдэг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНТҮГ нь Даваа гарагт /2025.07.07/ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Их Британийн “Кроссрэйл Интернэшнл” компанийн төлөөллүүдтэй хамтран “Мега төслийн удирдлага: эрсдэл ба амжилт” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Арга хэмжээнд “Улаанбаатар метро” төслийн стратегийн зөвлөхөөр ажиллаж буй Их Британийн “Кроссрэйл Интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Пол Дайсон, дэд бүтцийн зөвлөх Патрик Тенхайв, тээвэрт суурилсан хөгжлийн (Transit-Oriented Development – TOD), хот төлөвлөлтийн мэргэжилтэн Ян Линдсай нар оролцож, төслийн менежерүүд, инженерүүд болон холбогдох мэргэжилтнүүд сургалтад хамрагдсан юм.
Сургалт нь метроны төслийн бодит туршлага, төслийн менежмент, эрсдэлийн удирдлага, төлөвлөлтийн стратеги зэрэг сэдвээр өрнөж, хэлэлцүүлгийн үеэр оролцогчид сонирхсон асуултандаа олон улсын мэргэжилтнүүдээс хариулт авч, санал солилцсон юм.
“Кроссрэйл Интернэшнл” компанийн Монгол Улсад үзүүлж буй стратегийн зөвлөх үйлчилгээ нь “Улаанбаатар метро” төслийг олон улсын стандарт, шалгуурт нийцүүлэн хэрэгжүүлэх, техник, технологи төдийгүй төслийн удирдлагын арга зүй, түншлэлийн зохицуулалтыг боловсронгуй болгоход чухал түлхэц болж байгааг холбогдох албаныхан онцолж байна.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь нийслэлд хэрэгжиж буй 24 мега төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мөн гадаадын амжилттай туршлагыг нутагшуулах зорилгоор бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч талуудын мэдлэг, чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна. Цаашид төслийн удирдлага, гүйцэтгэл, олон улсын зөвлөхийн оролцоог уялдуулан, мега төслүүдийг илүү үр ашигтай, тогтвортой хэрэгжүүлэхэд энэхүү уулзалт, сургалтын үр дүн бодитой хувь нэмэр оруулах болно гэж талууд үзжээ.