НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ АЖЛУУДЫН ЯВЦ, ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2025.07.0786 үзсэн
НИЙСЛЭЛД ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨСӨЛ АЖЛУУДЫН ЯВЦ, ХЭРЭГЖИЛТИЙГ ТАНИЛЦУУЛАВ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит IV хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Нийсл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит IV хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд НИТХ-ын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Нийслэлд хэрэгжүүлж байгаа улс, нийслэлийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа төсөл ажлуудыг танилцууллаа. Энэ хүрээнд УБ Метро төсөл, Дүүжин замын тээвэр, Туулын хурдны зам, Шинэ тойрог замын төслийн явц, хэрэгжилтийн талаар НИТХ-ын төлөөлөгчдөд мэдээлэл өгсөн юм.  

- “УБ Метро” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 1 дүгээр шатны тендерийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээсэн бөгөөд тус тендерт 7 улсын 27 аж ахуйн нэгж байгууллага материал ирүүлсэн. Төслийн 2 дугаар шатны тендерийн баримт бичиг болон техникийн тодорхойлолтыг эцэслэн боловсруулж дуусгасан бөгөөд тендер зарлах бэлтгэл ажил хангагдаад байна.

“Улаанбаатар метро” төслийн стратегийн зөвлөхөөр ажиллаж буй Их Британийн “Кроссрэйл Интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Пол Дайсон, дэд бүтцийн зөвлөх Патрик Тенхайв, тээвэрт суурилсан хөгжлийн (Transit-Oriented Development – TOD), хот төлөвлөлтийн мэргэжилтэн Ян Линдсай нар Улаанбаатарт ирсэн бөгөөд Монгол Улсын Эдийн засгийн форумд оролцох, метроны өртөө орчмын “Тээвэрт суурилсан хөгжүүлэлт” (TOD) төлөвлөлт дээр ажиллах, метроны трассын дагуу талбайн судалгаа хийх юм. 

- Тусгай замын автобус төслийн хувьд, BRT Азийн хөгжлийн банкны техникийн зөвлөх үйлчилгээний “Far East BRT Planning Co., Limited”-ийн тусламжтайгаар урьдчилсан судалгаа, зураг төслийг боловсруулсан. Төслийн нарийвчилсан ажлын зураг, ТЭЗҮ-ийг боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын бэлтгэлийг хангаж байна. Тус төслийг Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд санхүүжилтийн зээлийн судалгааны ажлын хэсэг төслийн бэлэн байдал, хэрэгжилтийн төлөвлөгөө, зохион байгуулалт, зардлын нарийвчилсан тооцоо, зураг төсөл зэрэг асуудлуудаар нийслэлийн харьяа байгууллагатай уулзалт зохион байгуулж байна.

- “Улаанбаатар Трам” төслийн хувьд, I, II шугамын ТЭЗҮ-ийг Зам тээврийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцэж дэмжсэн. Тус ТЭЗҮ-ийг өмнө нь Зам, тээврийн яамны Төмөр замын дэд зөвлөлөөр хэлэлцэн дэмжиж, мөн яамны Хөгжлийн төвөөр магадлуулсан бөгөөд ийнхүү мэргэжлийн зөвлөлөөр үе шаттайгаар батлагдсан. 

- “Тойрог зам” төслийн хувьд, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан. Одоо холбогдох яамдын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх ажил үргэлжилж буй. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Татан төвлөрүүлэх эх үүсвэрээр тойрог замын шинэ сүлжээ байгуулж, хотын төвийг тойруулан тээврийн урсгалыг дамжуулах нь түгжрэлийг бууруулах гол шийдэл хэмээн үзэж буй.

- Туулын хурдны зам төслийн хувьд, “НХААГ/20250101139” дугаартай тендерийг нээсэн. Одоогоор дөрвөн байгууллага санал ирүүлээд байна. Ирсэн саналуудыг ажлын хэсэг хуулийн дагуу хянан үзээд үнэлэх ажиллагааг эхлүүлж улмаар хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчидтой гэрээ байгуулж, эрх олгох шат руу шилжинэ.

- Дүүжин замын тээвэр төслийн хувьд, Барилга угсралтын ажил 2025 оны 4 дүгээр cард эхэлж, 19 тулгуур баганын нийт 90ш шон суурийн өрөмдлөг, арматурчлал, бетоны ажлыг хийж дуусгасан. Холбогч тавцан, багана суурь байрлуулах ажил 33 хувьтай үргэлжилж байна. 

НИТХ-ын IV хуралдаанаар “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ байгуулах тухай хэлэлцэж шийдвэрлэнэ.



 

Command Palette

Search for a command to run...