road

НЭГДҮГЭЭР ШИНЭ ТОЙРОГ ЗАМ: ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛГАА ГАРГУУЛАХ АСУУДЛЫГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭЖ ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООГООР ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

2025.07.08105 үзсэн
НЭГДҮГЭЭР ШИНЭ ТОЙРОГ ЗАМ: ЗАСГИЙН ГАЗРЫН БАТАЛГАА ГАРГУУЛАХ АСУУДЛЫГ УИХ-ААР ХЭЛЭЛЦЭЖ ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООГООР ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаан 55,7 хувийн ирцтэйгээр “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаарх хууль сана

Монгол Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаан 55,7 хувийн ирцтэйгээр “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан уншиж танилцуулсан бөгөөд уг санал нь Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичигт эдийн засаг болон нийгмийн үр өгөөж өндөртэй төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан, “Шинэ сэргэлтийн бодлого”-д нийцсэн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрт Засгийн газрын өрийн баталгаа гаргах замаар дэмжлэг үзүүлнэ гэж заасан байдаг. Энэ дагуу шинэ тойрог зам буюу “Нэгдүгээр тойрог зам” төслийг санхүүжүүлэх зорилгоор 2025 онд авах 260.3 сая ам.долларын зээлийн 85.0 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргуулах тухай байв. Тодруулбал, 2025 онд гадаадын эх үүсвэрээс авах 260.3 сая ам.долларын зээлийн 85 хувьд Засгийн газрын өрийн баталгаа гаргах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд Баталгаа гаргуулагч болон төсөл нь Өрийн удирдлагын тухай хуульд заасан шалгууруудын бүрэн хангаж байгаа гэж Сангийн яам үзсэн боловч эрсдэлийн түвшнийг “дундаж” хэмээн үнэлсэн байна.


Чуулганы үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, Г.Уянгахишиг, Ц.Мөнхбат, Д.Цогтбаатар, дэд дарга Б.Пүрэвдорж нар төслийн ач холбогдол, зээлийг эргэн төлөх нөхцөл, эрсдэл, үр өгөөжийн тооцоо, олон нийтэд асуудлыг хэрхэн таниулсан, дараа дараагийн жилүүдэд авах зээлийн хэмжээ, гүйцэтгэгчтэй байгуулах гэрээний төрөл, төсөл хэрэгжүүлэгч компанийг сонгон шалгаруулах цар хүрээ зэрэг асуудлаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Тэд авто замын түгжрэл нь иргэдийн амьдралд тулгамдсан асуудал байгааг онцолж, нийгэм, эдийн засгийн өгөөжийг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлагатайг тэмдэглэв.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод өдөрт 580 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бөгөөд тэдгээрийн 30 орчим хувь нь шинээр байгуулагдах тойрог замаар дайран өнгөрөх тооцоог гаргасан тухай танилцууллаа. Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр авто замын түгжрэлээс үүдэлтэй алдагсан боломжийн өртөг болох 704 сая ам.долларын хэмнэлт үзүүлнэ гэдгийг онцолсон юм.

Энэ үеэр Сангийн яам санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга "Баталгаа гаргуулагч байгууллага болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь хугацаа хэтэрсэн өргүй, гурван жил дараалан ашигтай ажилласан зэрэг шалгууруудыг хангасан байна" гэдгийг тодотгов.

УИХ дэд дарга Б.Бөхчулуун “Төслийг дэмжиж байна. Хурдан шуурхай явуулах шаардлагатай. Өрийн баталгаа гаргана гэдэг нь Засгийн газрын өр болохгүй. Харин энэ төсөл хэрэгжихгүй удаашрах, дампуурах тохиолдолд Засгийн газрын өр болж хувирна” гэдгийг цохон тэмдэглэв.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал хураалтын дүнгээр тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.  

Command Palette

Search for a command to run...