ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ ТӨСЛИЙН ТЭЗҮ-ИЙН АЖЛЫН ДААЛГАВАР БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Тусгай замын автобус” (BRT) төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Тусгай замын автобус” (BRT) төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ)-ийн ажлын даалгаврыг боловсруулж байна.
Тусгай замын автобус BRT төслийг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө – Цэцэрлэгт хүрээлэн чиглэлд нийт 12,7 км, 17 зогсоолтой барихаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд автобус явах тусгай зурвас байгуулахаас гадна дагалдах дэд бүтцийн иж бүрэн шинэчлэлүүдийг хийх юм. Тухайлбал, шугамын дагуу нийт 12.79 км урт шинэ дугуйн зам шинээр барьж, 0.94 км дугуйн замыг сайжруулахын зэрэгцээ, 11.09 км урт явган хүний замыг шинэчлэн тохижуулах бол зам дагуух 83,000 метр квадрат талбайд ногоон байгууламж бий болгох тохижилтын ажлуудыг төлөвлөсөн.
Төслийн ТЭЗҮ-д нөхцөл байдлын шинжилгээ, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн төсөөлөл, инженерийн судалгааны тайлан, суурь судалгаа дагалдах судалгаа, төсөлд шаардлагатай бараа, материалын судалгаа зэрэг иж бүрэн мэдээллийг тусгах юм.
Төсөл хэрэгжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээг үр ашигтай, хурдан шуурхай, хүртээмжтэй болгох боломж бүрдэж хотын захын суурьшлын бүсүүдээс хотын төв гудамж зам руу чиглэсэн богино эргэлтийн маршрутыг шинээр төлөвлөж, дамжин суух зангилаа бүсүүдийг бий болгох төдийгүй замын хөдөлгөөний дундаж хурд 10-20 хувиар нэмэгдэх тооцоолол гараад байна.
Тусгай замын автобус /BRT/ төсөл нь хүн төвтэй шийдлүүдийг тусгаснаараа онцлог бөгөөд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэдэг. Жишээлбэл, автобусны шал болон зогсоолын тавцангийн өндөр ижил түвшинд байхаар төлөвлөсөн нь зорчигч сууж, буухад аливаа хүндрэлгүй байх нөхцөл бүрдүүлж, ялангуяа тусгай хэрэгцээт иргэд, ахмад настнууд болон дугуйтай иргэдийн зорчих боломжийг хөнгөвчилдөг аж.