ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ТУЛГУУР БАГАНУУДЫН ШОН СУУРИЙН АЖИЛ БҮРЭН ДУУССАН

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт байгальд ээлтэй шинэ шийдэл нэвтрүүлэх зорилготой “Дүүжин замын тээвэр” төслийн Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Төслийн х
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт байгальд ээлтэй шинэ шийдэл нэвтрүүлэх зорилготой “Дүүжин замын тээвэр” төслийн Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Төслийн хүрээнд нийт 19 тулгуур багана, 2 буудлын барилга болон гараашийн байгууламж төлөвлөгдсөн бөгөөд тулгуур багануудын суурь бүтээц нь шонгийн суурь, холбогч хавтангийн суурь, төмөр бетон баганан суурь гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж, дээр нь метал хийцлэл угсрагдах юм.
Өнөөдрийн байдлаар бүх тулгуур багануудын шон суурийн ажил бүрэн дууссан бөгөөд 1-6, 18, 19 дүгээр багануудын төмөр бетон баганан суурийн ажил үргэлжилж байна. Мөн Өнөр хороолол буудлын суурийн ажил дууссан бол Яармаг болон Арцат буудлуудын төмөр бетон баганан суурийн ажил тогтсон хуваарийн дагуу өрнөж байна.
Тулгуур багануудын шон суурийн гүн нь тухайн газрын хөрсний бүтэц, баганын өндрөөс хамаарч 5.5-15 метр, диаметр нь 1 метр бөгөөд эдгээр нь баганын аюулгүй байдлыг хангах чухал бүтээцийн шийдэл болж байгаа юм.
Түүнчлэн төслийн хүрээнд Франц Улсаас нийт 150 чингэлэг тоног төхөөрөмж тээвэрлэгдэхээр төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 67 чингэлэг нь төслийн талбайд буусан. Үлдсэн тоног төхөөрөмжүүдийг шат дараатайгаар тээвэрлэн, угсралтын ажилд ашиглах бэлтгэл ажлыг хангаж байна.
Францын “Пома групп”-ын төслийн зохицуулагч ноён Чарли Коддериц Монгол Улсад хүрэлцэн ирж, үндэсний туслан гүйцэтгэгч “Моннис Инженеринг” болон “Цагаан Уран Хийц” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр төслийн явц, хамтын ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэж, төслийн хэрэгжилтийн бүхий л шатанд аюулгүй ажиллагаа, чанарын хяналтад онцгой анхаарч ажиллах шаардлагатайг талууд онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн Дүүжин замын тээврийн хоёр дахь шугам болох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн–Үндэсний соёл амралтын хүрээлэн чиглэлийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) боловсруулах ажлыг эхлүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжлэг авч, холбогдох тогтоол батлагдаад байна.
Дүүжин замын тээвэр нь ачаалалтай бүсүүдийг тойрон холбох боломжтой, байгальд ээлтэй, дэвшилтэт шийдэл бөгөөд авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн тээвэрлэлтийн хугацааг хэмнэх, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх олон талын ач холбогдолтой төсөл юм.