ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСЛИЙН ЯАРМАГ-ӨНӨР ХОРООЛОЛ ЧИГЛЭЛИЙН ТУЛГУУР БАГАНУУДЫН МЕТАЛ ХИЙЦИЙН УГСРАЛТ ЭХЭЛЛЭЭ

Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн тулгуур багануудын шон суурийн ажил бүрэн дуусч метал хийцийн угсралтын ажил өнөөдрөөс эхэлж байна. Төслийн дэд менежер Алексис Гресс
Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг, Арцат-Өнөр хороолол чиглэлийн тулгуур багануудын шон суурийн ажил бүрэн дуусч метал хийцийн угсралтын ажил өнөөдрөөс эхэлж байна.
Төслийн дэд менежер Алексис Грессель "Бид одоогоор дүүжин замын тээврийн төслийн суурийн бетон цутгалтын ажлыг гүйцэтгэж байна. Үүний дараагаар эдгээр суурийн дээр механик угсралтын ажил хийгдэх юм. Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны эцэс хүртэл үргэлжилнэ. Бетон бүтээц, механик угсралт болон бусад тохиргоо, суурилуулалтын ажил тодорхой хугацаа шаарддаг ч Пома группын зүгээс аюулгүй ажиллагаа, чанарын шаардлагыг бүрэн хангаж, төлөвлөгөөт хугацаандаа төслийг амжилттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэдгийг онцоллоо.
Өнөөдрийн байдлаар төслийн барилга угсралтад 70 орчим инженер, техникийн ажилтан ажиллаж байна.
Ажлын явцын талаар Дүүжин замын тээвэр төслийн ахлах инженер Г.Түвшинсанаа "Тулгуур дөрвөн хэсгээс бүрдэж байгаа бол суурь гурван хэсгээс бүрдэнэ. Шон суурь, шон суурийг холбож буй хавтан суурь, хавтан суурин дээр төмөр бетон багана орж ирж байгаа. Үүний дараа метал хийцийн угсралт буюу үндсэн тауэруудыг босгодог" гэсэн бол Моннис инженеринг компанийн төслийн менежер Б.Мөнхбаясгалан "Суурийн ажил бүрэн дуусаад метал хийцийн угсралтын ажил өнөөдрөөс эхэлж байна. Энэ суурийн материалын онцлог нь М400, М500 марктай арматур, B35 ангийн бетоныг ашиглан гүйцэтгэсэн" гэв.
Дүүжин замын тээвэр төсөл хоёр буудалтай, 6.45-аас 42 метр хүртэл өндөртэй 19 тулгуур баганатай, нийт 98 кабинтай, нэг кабин 10 хүний багтаамжтай, 6 м/сек хурдтайгаар цагт 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтайгаар ажиллах юм.
Түүнчлэн төслийн хүрээнд Франц улсаас нийт 150 чингэлэг тоног төхөөрөмж тээвэрлэгдэхээс өнөөдрийн байдлаар 67 чингэлэг нь талбайд буусан. Үлдсэн тоног төхөөрөмжүүдийг шат дараатайгаар тээвэрлэн оруулж ирэх бөгөөд угсралтын ажилд ашиглах бэлтгэл хангагдаж байна.
Пома группын төслийн талбайн инженер Жоан Антонин "Төслийн тулгуур баганууд хэд хэдэн хэсгээс бүрдэж байгаа бөгөөд одоогоор эдгээрийн дээд хэсгийн үеүдийг нарийн деталийн дагуу угсрах ажил явагдаж байна. Угсралтын явцад хэсгүүдийг
хооронд нь нийлүүлж нэг цул бүтэц болгон бэлтгэсний дараа талбай дээр суурилуулахад ашиглана. Бүтээцүүдийг зураг, техникийн шаардлагын дагуу угсарч байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна" гэдгийг тодотгов.
Дүүжин замын тээвэр төсөл хэрэгжсэнээр Яармаг орчмын түгжрэлийг 15 хувиар бууруулж, нийслэлийн автозамын хөдөлгөөний эрчмийг 4 хувиар нэмэгдүүлэх тооцоо гарсан. Төслийн нийт явц 33 хувьтай, тулгууруудын явц 55 хувьтай байна.