ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/ ТӨСЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ, ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, олон төрөлт нийтийн тээврийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Тусгай замын автобус /BRT/ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр төслийн талаар мэдээлэл өгөх, зөвл
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, олон төрөлт нийтийн тээврийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Тусгай замын автобус /BRT/ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өнөөдөр төслийн талаар мэдээлэл өгөх, зөвлөлдөх уулзалтыг 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Уг уулзалт нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих тус төслийн нөлөөлөлд өртөх нэгж талбарын газрын эзэмшигч, өмчлөгч иргэн, аж ахуй нэгжид чиглэсэн бөгөөд төслийн хэрэгжилтийн явц, газар чөлөөлөлтийн үйл явц, цаашдын төлөвлөгөөний талаар тодорхой мэдээлэл хүргэж, талуудын хооронд ил тод, ойлголцолд суурилсан харилцааг бүрдүүлэх зорилготой байв.
Уулзалтад Азийн хөгжлийн банкны олон улсын зөвлөх Б.Чинзориг тус банкны хамгааллын бодлого, суурь зарчим, хандлагын талаар танилцуулж, дотоодын зөвлөх Н.Болормаа “Газар чөлөөлөлтийн цар хүрээ ба хэрэгжилтийн үе шат” сэдвийн хүрээнд оролцогчдын асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм. Төслийн захирал Т.Чинбат төслийн трасс, бүтээн байгуулалтын үе шат, зорилтот үр дүн зэргийг танилцуулж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Х.Амарсайхан оролцогчдын асуултад тодорхой хариулт зөвлөмжийг өгч хамтран ажиллаа.
BRT төсөл нь нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулж, шуурхай, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чиглэгдсэн төдийгүй хотын авто замын түгжрэлийг бууруулах замаар нийслэлийн тээврийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чухал бүтээн байгуулалт юм. Түүнчлэн уг төсөл нь Улаанбаатар хотын дунд хугацааны нийтийн тээврийн бодлого болон цаашид хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдтэй трассын хувьд уялдах цогц төлөвлөлтийн нэг хэсэг болж байгаа юм.
Одоогийн байдлаар төслийн нөлөөлөлд өртөх 17 нэгж талбар байгаа бөгөөд өнөөдөр 7 байгууллагатай урьдчилсан зөвшилцөх уулзалтыг зохион байгуулж, төслийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, цаашид энэ төрлийн уулзалтыг үе шаттайгаар зохион байгуулж, талуудын уялдаа холбоог ханган ажиллахаа талууд онцоллоо.