“НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ”-ЫН БАРИЛГА УГСРАЛТЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОХ НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ЗАРЛАХААР БЭЛТГЭЛ ХАНГАЖ БАЙНА

Нийслэл Улаанбаатар хотын хэвтээ тэнхлэгийн авто замаар өдөрт дунджаар 347,000, босоо тэнхлэгийн дагуу 259,500 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байна. Үүнээс үүдэж Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн авто замын
Нийслэл Улаанбаатар хотын хэвтээ тэнхлэгийн авто замаар өдөрт дунджаар 347,000, босоо тэнхлэгийн дагуу 259,500 гаруй тээврийн хэрэгсэл зорчиж байна. Үүнээс үүдэж Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн авто замын сүлжээний дундаж нягтрал нь нэг км ам дөрвөлжин талбайд 2.1 км авто зам ногдож байгаа нь хөдөлгөөний ачаалал үүсэх үндсэн шалтгаан болж буй.
Энэ үзүүлэлтийг олон улсын жишигтэй харьцуулбал Бээжинд 18.9 км/км², Нью-Йоркт 37.8 км/км², Лондонд 57.0 км/км², Чикагод 64.7 км/км² байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хувьд Бээжин хотоос 9 дахин, Нью-Йорк хотоос 18 дахин, Лондон хотоос 27 дахин, Чикаго хотоос даруй 30 дахин их авто замын сүлжээний нягтралтай байгаа нь авто замын сүлжээний хүртээмж маш хангалтгүй, хязгаарлагдмал байгааг харуулж байна.
Иймээс авто замын түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэгдүгээр болон хоёрдугаар чиглэлд үе шаттай хэрэгжүүлэхээр Засгийн газрын түвшинд шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд Нэгдүгээр тойрог замын техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон авто замын дэд зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцүүлж, магадлал хийлгэсэн бөгөөд Эдийн засаг, хөгжлийн яам, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний аудитын газар, НИТХ болон түүний хороод зэрэг холбогдох төрийн байгууллагуудаас санал, дүгнэлт авч, төслийг бодлогын түвшинд дэмжүүлээд байна. Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар төслийг хэрэгжүүлэхэд зориулж Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг Монгол Улсын Их хуралд танилцуулж дэмжсэн шийдвэр гарсан. Улмаар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, дэд төвүүдийг холбох “Нэгдүгээр тойрог зам” төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Төслийн хүрээнд 24.7 км зургаан эгнээ бүхий хурдны зам, 8 байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзвар барихаар төлөвлөсөн. Автозамын тооцоот хурд нь 100 км/цаг бөгөөд Улаанбаатар хотын хөдөлгөөний зохион байгуулалтыг шинэ түвшинд хүргэх, Туулын хурдны зам болон хотоос гарах олон улсын автозамуудтай уялдан холбогдох чухал дэд бүтцийн зангилаа болох юм.
Мөн хотын төвийн ачааллыг тойрч, урд болон хойд бүс рүү чөлөөтэй зорчих боломж бүрдсэнээр нийслэлийн захын бүсүүд болон дэд төвүүд хөгжих, иргэдийн цаг хугацаа, шатахууны зардлыг бууруулах бодит үр өгөөжийг бий болно хэмээн үзэж буй.