transport

ПОЛ ДАЙСОН: ИХ БРИТАНИ БОЛОН ОЛОН УЛСАД НЭВТРҮҮЛСЭН ШИЛДЭГ ТУРШЛАГЫГ УБ МЕТРО ТӨСӨЛД НУТАГШУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

2025.07.24127 үзсэн
ПОЛ ДАЙСОН: ИХ БРИТАНИ БОЛОН ОЛОН УЛСАД НЭВТРҮҮЛСЭН ШИЛДЭГ ТУРШЛАГЫГ УБ МЕТРО ТӨСӨЛД НУТАГШУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА

УБ Метро төслийн стратегийг тодорхойлоход Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Зам Тээврийн яамны харьяа “Кроссрэйл Интернэшнл” компани оролцож байна. Тус компанийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар метро” төслий

УБ Метро төслийн стратегийг тодорхойлоход Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Зам Тээврийн яамны харьяа “Кроссрэйл Интернэшнл” компани оролцож байна. Тус компанийн гүйцэтгэх захирал, “Улаанбаатар метро” төслийн стратегийн зөвлөх Пол Дайсонтай ярилцлаа.

“Кроссрэйл Интернэшнл” компанийн туршлага, олон улсад хэрэгжүүлсэн төслүүдийн талаар та товч мэдээлэл өгнө үү?

Монголд хэрэгжиж буй УБ Метро төсөлд оролцох боломжийг надад олгосон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Би өөрийгөө товч танилцуулъя. Намайг Пол Дайсон гэдэг. Кроссрэйл Интернэшнл компанийн захирлаар ажилладаг. Манай байгууллага нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Тээврийн яамны харьяа байгууллага юм. Бид дэлхийн өнцөг булан бүрд метро болон төмөр замын төслүүдэд ажиллаж, Их Британийн шилдэг туршлагыг хуваалцдаг. Бид Улаанбаатарт Их Британийн болон олон улсын практик туршлагыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 

Манай байгууллага Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлсэн туршлагуудаасаа голлон хуваалцдаг бөгөөд Лондон дахь Элизабет шугам зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг амжилттай хэрэгжүүлсэн. Элизабет төсөл нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын бүтээн байгуулалтад нэгэн шинэ үе шатыг нээж, олон шилдэг туршлагыг бий болгосон бөгөөд эдгээр туршлагыг бид Улаанбаатарт Метро төсөлд нэвтрүүлэхээр зорьж байна. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс болон дэлхийн олон улсын төслүүдээс олж авсан туршлагуудаа УБ Метро төсөлд хуваалцаж нутагшуулахаар зорьж байна. 


Лондонд дэлхийн хамгийн анхны метро ашиглалтад орсон, хамгийн өргөн хүрээтэй нийтийн тээврийн сүлжээгээр нэрлэгддэг гэдгээрээ улс орнуудын хувьд хамтран ажиллах нь нэр төрийн илэрхийлэл байдаг болов уу. Метроны төслийг хэрэгжүүлэхэд стратегийн олон талт шийдлүүдийг уялдуулж, аюулгүй байдлаас эхлээд бүх талын инженерчлэлийн тооцоололд суурилдаг гэж ойлгож байна. Та бүхний хувьд ямар үүрэгтэй ажиллаж байгаа вэ?


Тийм ээ, таны зөв. Англи улс нь дэлхийд анх удаа Лондон хотод метро барьж төслийн захиалагчийн байгууллагыг бий болгосон. Ингэснээр барилгын ажил, дизайн төлөвлөлт, байгууллагын зохион байгуулалт болон хамгийн чухал нь төслийн урт хугацааны үр шим, үнэ цэнийг бүтээх туршлага хуримтлуулсан. Улаанбаатар Метро төсөл бол маш том хэмжээний төсөл. Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, байгаль орчин болон бусад өөр олон төрлийн үр өгөөжийг авчрах, үеийн үед үлдэх өвийг бүтээх төсөл юм. Иймд “Кроссрэйл Интернэшнл” компани нь болзошгүй нарийн төвөгтэй, техникийн бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж, тэдгээрийг тендерийн баримт бичиг болон техникийн шаардлагад зөв зохистой тусгах, эцэст нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Жишээ нь, Монголын Эдийн засгийн Форум дээр миний хөндсөн сэдвүүдийн нэг бол TOD буюу тээвэрт суурилсан хөгжүүлэлт байлаа. Энэ нь бусад төслүүд, нийгмийн хэрэгцээнд зориулсан орлогын эх үүсвэрийг бий болгох, мөн урт хугацаандаа уг төслийн өөрийнх нь хөрөнгө оруулалтын зардлыг нөхөх чухал боломжийг олгодгоороо онцлог. Анхаарах зүйл нь, эхлээд маш нарийн төлөвлөх шаардлагатай. Метро төслийн хувьд уг төлөвлөлтийн ажлыг Зөвлөх үйлчилгээ үзүүлж буй “Духуа Инженеринг” ХК-иар удирдуулсан түншлэл хийж эхэлсэн байгаа нь тун сайн хэрэг. Бидний хувьд тус төлөвлөгөөнд гуравдагч хөндлөнгийн үнэлгээ хийх, мөн тээвэрт суурилсан хөгжүүлэлтийн хүрээнд нэмэлт санаа шийдлийг танилцуулах, боломжуудыг эрэлхийлэх, тэлэх зорилготой оролцоно.
 

Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Экспорт Санхүүгийн байгууллага UKEF-тэй санамж бичиг байгуулсан талаар дурдмаар байна. Энэ нь хамтын ажиллагааны олон боломжуудыг нээж байгаа бөгөөд цаашид Их Британи уг төслийн дараагийн үе шатуудад оролцох боломжууд бий болно гэдэгт найдаж байна. Бидний үүрэг бол энэхүү төслийн урт хугацааны туршид төсөл хэрэгжүүлэгч багийн стратегийн зөвлөхөөр ажиллаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэл, дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэ бол бидний зорилго. “Кросс интернэшнл” бол бол төрийн байгууллага, мөн УБ Метро төслийг хэрэгжүүлж байгаа байгууллага ч төрийн байгууллага байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэх нь бидний хувьд маш чухал. Мөн Монгол Улс болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хоорондын харилцааг бэхжүүлэхэд энэ төсөл чухал ач холбогдолтой. УБ Метро төсөл бол Улаанбаатар хотын хувьд үнэхээр гайхалтай төсөл бөгөөд Нийслэлийн тээврийн системийг шинэчлэх, хөгжүүлэх үнэлж баршгүй боломж юм. Энэ төсөл нь ирээдүйд метроны олон шугамын эхлэл болно гэж миний хувьд харж байна.

Метро гэхээр зөвхөн газар доогуурх барилга байгууламж мэт хязгаарлагдмал, өнгөц ойлголт олон нийтэд их байдаг. Гэтэл үүнд техник технологиос эхлээд аюулгүй байдал, хүний нөөц, байгаль орчин гээд олон асуудал хөндөгдөнө. Дэлхийн хотуудад метро нь бүтээн байгуулалт, дэд бүтцийн шийдлээс гадна өөр ямар үр ашгийг авчирдаг вэ?

Маш чухал асуулт байна. Метроны системүүд нь уг чанартаа маш нарийн байдаг бөгөөд зөвхөн санхүүжилтийн бүтэц, зохион байгуулалтаас гадна хэрэгжилт болон цаашдын үйл ажиллагааг нарийн зохицуулах ёстой. Иймд нарийн, олон талт эрсдэлүүдийг даван туулах чадвартай, чадалтай захиалагчийн байгууллага зайлшгүй шаардлагатай. Миний бодлоор энэ бол Кроссрэйл Интернэшнлийн давуу тал гэж харж байгаа. Бид өөрсдийн туршлагаа ашиглан төслийн хэрэгжилтийн үе шатуудад төслийн захиалагчийн хяналтыг тавьж буй байгууллагыг дэмжин, эдгээр эрсдэлүүдийг удирдан зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна.

Төслийн хамгийн том эрсдэлүүдийн нэг бол системийн интеграци юм. Энэ нь галт тэрэгний үйл ажиллагааны шаардлагуудыг бүрэн хангахын тулд, хөдлөх бүрэлдэхүүний болон бусад үйл ажиллагааны системүүдийг бүрэн интеграци хийж нэгтгэх юм. Энэ нь дэлхий дахинд хамгийн том бэрхшээл болдог асуудлуудын нэг юм. Бидний хувьд, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс болон олон улсын хэмжээнд хэрэгжүүлсэн төслүүдээс хуримтлуулсан арвин туршлага бий. 

Түлхүүр гардуулах нөхцөлөөр EPC гэрээ байгуулсан ч, системийн уялдаа холбоо, интеграцитай холбоотой эрсдэл байдаг тул захиалагч байгууллага нь энэхүү эрсдэлийг хянах хэрэгтэй байдаг. Кроссрэйл төслийн хүрээнд бид Элизабет шугамыг ашиглалтад оруулах явцад олон асуудалтай тулгарсан ч, тэр бүхнээс маш их зүйл сурсан. Бид тухайн үед маш хүчтэй, зохион байгуулалттай захиалагчийн бүтэц бүрдүүлж, төслийн эрсдэлийг бууруулах аргачлалуудыг нэвтрүүлсэн.  


Үндсэн санааны хувьд, бид эдгээр туршлага, сургамжуудаа УБ метро төсөлд нэвтрүүлж, амжилттай хэрэгжүүлэхэд дэмжиж, туслах явдал юм. Мөн энэхүү эрсдэлээс гадна бусад улс орнуудад түгээмэл тулгардаг асуудлууд бий. Жишээлбэл, газар чөлөөлөлт, логистик гэх мэт. Улаанбаатар хотын хувьд маш их ачаалалтай хот гэдгийг бид мэднэ. Харин метроны шугам нь хотын гол төв зам дагуу, Улаанбаатар хотын хамгийн чухал бүсэд байрлах тул барилгын ажил болон холбогдох логистикийг хотын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг маш нухацтай төлөвлөх шаардлагатай. Эдгээр нь нэг талаас эрсдэл мэт боловч, нөгөө талаас боломж юм. Хамгийн чухал нь шугамыг амжилттай ашиглалтад оруулж, үйл ажиллагаа, арчилгаа засвар үйлчилгээний баг бүрэн ажиллагаатай Метрог хүлээж авах нь чухал юм. Олон талт, нарийн төвөгтэй эдгээр шаардлагуудад нийцэхийн тулд урьдчилсан, нарийвчилсан цогц төлөвлөлт шаардлагатай. Бидэнд төлөвлөх цаг хугацаа байгаа нь давуу тал. Гэхдээ энэ цагийг зөв ашиглан бодитой, уялдаа холбоотой төлөвлөлт хийх нь нэн чухал.

Мега төслүүд нь байгаль орчинд тодорхой нөлөө үзүүлдэг учир өндөр шаардлагууд тавигддаг. Метро төслийн хувьд эерэг болон сөрөг нөлөөлөл нь ямар байхыг та дурдаач?

Байгаль орчинтой холбоотой чухал асуулт байна. Монголчууд бол байгаль орчин, эх дэлхийгээ эрхэмлэн хайрладаг ард түмэн гэдгийг би маш сайн мэднэ. Байгаль орчин гэдэг нь хүний амьдралын чанар, сайн сайхан байдлын салшгүй нэг хэсэг. Тийм ч учраас ийм томоохон дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхдээ Улаанбаатар хотын иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, эрүүл, тогтвортой орчныг бүрдүүлэхэд эергээр нөлөөлөх нь туйлын чухал зорилго юм.                                                                         

Байгаль орчны талаас авч үзэхэд хоёр үндсэн чиглэл бий. Нэгдүгээрт, метро барих явцад үүсэх нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шаардлагатай. Үүнийг төслийн үе шат бүрт тусгасан стандарт, техникийн шаардлага болон барилгын материалын сонголтоор зохицуулж болно. Жишээлбэл, нүүрстөрөгч багатай бетон, дахин боловсруулсан ган зэрэг тогтвортой материал, шинэ технологийн шийдлүүдийг ашиглах замаар барилгын процессыг байгальд ээлтэй болгох боломжтой. Энэ чиглэлээр Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь дэлхийд тэргүүлэгч туршлагатай бөгөөд бид эдгээр инноваци, бодлогын хандлагыг Улаанбаатарын метро төслийн төлөвлөлт, хэрэгжилтэд тусгах зорилготой ажиллаж байна. Хоёрдугаарт, төслийн урт хугацаандаа байгаль орчинд үзүүлэх үр нөлөө маш чухал. Метро ашиглалтад орсноор иргэд автомашины хэрэглээнээс татгалзаж, нийтийн тээврийг сонгох боломжтой болно. Энэ нь хотын агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Үүний зэрэгцээ, нийтийн тээвэрт шилжсэнээр иргэдийн алхалт нэмэгдэж, хувь хүний эрүүл мэндэд ч эерэгээр нөлөөлдөг.

Жишээ болгон дурдвал, бидний хэрэгжүүлсэн Кроссрэйл төсөл буюу өнөөгийн Лондонгийн Элизабет шугам нь байгальд ээлтэй, үр ашигтай бөгөөд нийтийн тээврийн системд ямар үр дүн авчирч болохыг харуулсан бодит туршлага юм. Энэхүү шугамыг ашиглалтад оруулснаас хойш зорчигчдын тоо маш эрчимтэй өссөн бөгөөд таван жилийн зорчилтын төлөвлөгөөг ердөө 2.5 жилийн дотор биелүүлсэн. Түүнчлэн, зорчигчдын 30 гаруй хувь нь өмнө нь огт метро ашиглаж байгаагүй хүмүүс байсан нь тэд автомашинаасаа татгалзаж, байгальд ээлтэй тээврийн хэрэгсэлд шилжсэнийг илтгэдэг. Улаанбаатар хотын хувьд ийм үр дүнг хүлээж байгаа бөгөөд энэ нь зөвхөн байгаль орчинд төдийгүй нийгмийн эрүүл мэнд, хотын ухаалаг хөгжлийн ирээдүйд чухал нөлөө үзүүлнэ. Эцэст нь онцлохол, метро төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хот илүү цэвэр, эрүүл, ухаалаг, тогтвортой ирээдүй рүү алхах бодит боломж бүрдэнэ гэдэгт би гүнээ итгэж байна.


Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
 

Command Palette

Search for a command to run...