“УБ ТРАМ” ТӨСЛИЙН ТРАСС ДАГУУ АЖИЛЛАЛАА

Нийслэл Улаанбаатар хотын хүн ам 1990 онд 560.6 мянга байсан бол 2024 онд 421.6 мянган өрхийн нэг сая 600 мянга гаруйд хүрч, Монгол Улсын нийт хүн амын 47.6 хувийг эзлэх болжээ. Хүн ам, автомашины тоо эрчимтэй өссөнөөс а
Нийслэл Улаанбаатар хотын хүн ам 1990 онд 560.6 мянга байсан бол 2024 онд 421.6 мянган өрхийн нэг сая 600 мянга гаруйд хүрч, Монгол Улсын нийт хүн амын 47.6 хувийг эзлэх болжээ. Хүн ам, автомашины тоо эрчимтэй өссөнөөс авто замын ачаалал дээд цэгтээ хүрч, ойрын таван жилд тодорхой арга хэмжээ авахгүй бол ТЭГ зогсолт хийх аюул тулгараад байна.
Иймд Монгол Улсын “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нийтийн тээврийн тогтолцоог шинэчлэх, автозамын ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Их багтаамжийн нийтийн тээврийн нэг хэлбэр болох трамвайг нийслэлд хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс (Зунжин худалдааны төв) Сүхбаатарын талбай чиглэлд баригдах бөгөөд 11 км хос шугам, нийт 16 зогсоолтой байхаар төлөвлөсөн. Хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд хэрэгжүүлэх бөгөөд трасс нь 15 км урттай, нийт 23 зогсоол бүхий хос шугам байхаар ТЭЗҮ-д тусгагдсан. Одоогоор төслийн хоёр шугамын Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан гурван шатны байгууллагаар батлуулж, төслийн байгаль орчны ерөнхий төлөв байдлын үнэлгээг гаргасан бөгөөд дараагийн шатны бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал Э.Түвшинжаргал, “УБ Трам” төслийн захирал Б.Ану-Үжин нараар ахлуулсан төслийн баг, холбогдох албаныхан Архивын ерөнхий газрын эсрэг талд байрлах төслийн депоны талбай болон трасс дагуу ажиллалаа.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар”-ын захирал Э.Түвшинжаргал “УБ трам төсөл төлөвлөгөөт хугацаандаа хэрэгжиж байна. Уг төсөл нь нийслэлийн түгжрэлийг бууруулах, хотын тээврийн тогтолцоог олон төрөлт, ухаалаг системд шилжүүлэх ач холбогдолтой. Төслүүд нь зөвхөн эдийн засгийн үр өгөөж, санхүүгийн зардлаар хэмжигдэхгүй, нийслэлийн иргэдийн амьдралын чанар, байгаль орчны аюулгүй байдал, хотын тогтвортой хөгжлийн суурь болох томоохон ач холбогдлоор нь харж байна. Утаа, түгжрэл, төвлөрөл зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд нийтийн тээврийн шинэ шийдлүүд зайлшгүй шаардлагатай болсон. Трамвай бол тэр шийдлийн нэг бодит эхлэл юм. Нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Их багтаамжийн нийтийн тээврийн төсөл болох Метро, Трамвай, Тусгай замын автобус, Дүүжин замын тээвэр зэрэг төсөл нь монголд анх удаа хэрэгжих учир хууль эрхзүйн орчинг бүрдүүлж ажиллах шаадлагатай байна” хэмээв.
Төслийн захирал Б.Ану-Үжин “Төслийн ТЭЗҮ батлагдсанаар барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлахаар бэлтгэл хангаж байна. Цаашид трассын дагууд аж ахуй нэгж, иргэдтэй зөвшилцөх газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэнэ. Энэхүү депоны талбайн байршил нь трамвайн эхлэл болон төгсгөлийн цэг байна” хэмээн онцлов.
Олон нийтийн зүгээс хөнддөг эрчим хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайд төслийн ахлах инженер Б.Содбаатар “УБ трам төслийн нэгдүгээр шугамын суурилагдсан хүчин чадал 7.9 МВт, хоёрдугаар шугам 8.3 МВт эрчим хүч шаардана. Үйл ажиллагаа тогтвортой байлгах үүднээс Эрчим хүчний яам болон холбогдох байгууллагуудтай хэлэлцэж, хоёроос гурван байршлаас эрчим хүч хангахаар төлөвлөсөн. Түүнчлэн ре-генаратив буюу өөрөөсөө эрчим хүч гаргадаг, цахилгааны хэрэглээ хамгийн багатай төдийгүй цахилгаан тасалдсан тохиолдолд 2 км өөрийн нөөц батарейгээр явах эко байдлаар хөдлөх бүрэлдэхүүний концепцийг сонгосон” гэв.
Трам нь 100% цахилгаан учир автозамын түгжрэл, автомашины хорт утаа ялгаруулалтаас үүсэх агаарын бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Хүн ам ихтэй улс орнууд трамвайн системийг техник технологийн хувьд шинэчлэн сайжруулж, илүү ухаалаг, автоматжуулсан хэлбэрт шилжүүлсээр байна. Төслийг хэрэгжүүлснээр нийтийн тээврээр зорчигчдын тоо нэмэгдэж, түгжрэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулах төдийгүй замын хөдөлгөөний дундаж хурд 25.7 хувиар нэмэгдэх тооцоолол гарсан юм.