road

“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2025.07.27651 үзсэн
“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах “Туулын хурдны зам” төслийн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Туулын хурдны зам болон үерийн байгууламжийн нөлөөлөлд Баянзүрх дүүрэг дүү

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлж, түгжрэлийг бууруулах “Туулын хурдны зам” төслийн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Туулын хурдны зам болон үерийн байгууламжийн нөлөөлөлд Баянзүрх дүүрэг дүүргийн нутаг дэвсгэрт 6, Баянгол дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 15, Сонгинохайрхан дүүрэгт 91, нийт 115 нэгж талбар өртсөн бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас холбогдох иргэн, хуулийн этгээдүүдэд газар чөлөөлөх талаар албан бичгээр урьдчилан мэдэгдэж, нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийгдэж байна. 

“Туулын хурдны зам” төсөл нь хотын зүүн захын Баянзүрхийн товчоо, Улаанбаатар–Налайхын авто замаас эхэлж, баруун чиглэлийн 22-ын товчоо хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 32 км урттай байх юм. Замын трасс Богд хан уулын бэлээр дайран өнгөрч, нийслэлийн урд хэсгээр баригдах бөгөөд Улаанбаатар хотын тээврийн урсгалыг тойрч өнгөрөх боломжийг бүрдүүлнэ. 

Төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн, зургаан эгнээ бүхий, гэрлэн дохиогүй, зогсолтгүй зорчих боломжтой хурдны зам баригдана. Энэ нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй иж бүрэн хурдны замын төсөл болж байгаагаараа онцлогтой. Замын хөдөлгөөний дундаж хурд 80–100 км/цаг байхаар тооцоолж, хоёр түвшний огтлолцол бүхий “Exit” уулзваруудыг 3–7 км зайтай төлөвлөсөн нь зорчигчдод түргэн шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэх тооцоо гарсан нь нийслэлийн тээврийн ачааллыг бууруулах, иргэдийн цаг хугацааг хэмнэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Төслийн хүрээнд 9.8 км урт гүүр, дөрвөн байршилд нийт 190 метр урт туннель, долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, нийт 3 км урттай холбоос замууд, мөн үерийн хамгаалалтын далан, инженерийн шугам сүлжээний шилжүүлэг зэрэг дэд бүтцийн цогц бүтээн байгуулалт хийгдэхээр төлөвлөгдсөн. Эдгээр бүтээн байгуулалтад нийт 2.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд төсөл нь зөвхөн авто замын бүтээн байгуулалтаар хязгаарлагдахгүй, хотын дэд бүтцийн шинэчлэл, инженерийн шугам сүлжээний шинэчлэлт, үерийн хамгаалалтын байгууламж зэрэг иж бүрэн зам баригдах юм. 

Төслийн гүйцэтгэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг 2025 оны нэгдүгээр сард зарласан бөгөөд нийт дөрвөн компани оролцсоноос Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК хамгийн сайн санал ирүүлж, гэрээ байгуулах шатандаа хэрэгжиж байна. 

Улаанбаатар хотын гол гудамж замаар өдөрт 420 мянгаас дээш автомашин зорчих үед тэг зогсолт үүсэх өндөр эрсдэлтэй гэж үзэж байсан бол өнөөгийн байдлаар нийт 510 мянган тээврийн хэрэгсэл хотын хөдөлгөөнд оролцож буй нь энэхүү төслийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. 

Command Palette

Search for a command to run...