ЛАГ ШАТААХ ҮЙЛДВЭР: ТЭЗҮ-ИЙН МАГАДЛАНГИЙН ДҮГНЭЛТ ГАРСАН

Лаг хатааж, шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барьж байгуулахаар төлөвлөсөн нь хоногт дунджаар 250 м³ лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм. Т
Лаг хатааж, шатааж, эрчим хүч үйлдвэрлэх төслийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд барьж байгуулахаар төлөвлөсөн нь хоногт дунджаар 250 м³ лаг боловсруулж, 238 тонн лаг шатаах хүчин чадалтай байх юм. Тус үйлдвэр нь жилд 843,200 м³ лагийг дахин боловсруулж, шатаалтын явцад гарсан утаа, хий зэргийг өндөр технологийн агаар цэвэршүүлэх системээр шүүнэ. Тус төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан, магадлангийн дүгнэлт гарсан бөгөөд дараагийн үе шатны ажлуудын бэлтгэл хангагдаж байна.
Үйлдвэрийн технологид олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй шийдлүүдийг тусгажээ. Тухайлбал, шатаах систем нь нэгдмэл шингэн давхаргатай зуухтай бөгөөд энэ нь төрөл бүрийн шинж чанартай материалд дасан зохицож, тогтвортой ажиллагааг хангана. Мөн шатаалтын явцад үүсэх хорт хий, утааг өндөр үр ашигтай агаар цэвэршүүлэх байгууламжаар шүүн, гадна орчны бохирдлыг багасгах инженерийн шийдлүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Шатаалтаас үүсэх дулааныг цахилгаан эрчим хүч болгон хувиргаж ашиглах бөгөөд энэ нь ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Үүнээс гадна, үлдэгдэл үнсийг барилгын материалын түүхий эд болгон дахин ашиглахаар судалгааны ажлууд хийгдэж байна.
Сүүлийн жилүүдэд төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал 2–3 дахин хэтэрч, тоног төхөөрөмжүүдийн хуучрал, эвдрэл гэмтэл нэмэгдсэнээс болж лаг хуримтлагдан, үнэр ихээр ялгарч, хотын иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчинд сөрөгөөр нөлөөлсөөр ирсэн. Иймээс тус үйлдвэрийг байгуулах нь зөвхөн лагийг боловсруулж устгах төдийгүй, нийслэлийн хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулах, үнэрийн голомтыг арилгах, эрчим хүч үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин ашиглах зэрэг олон талын үр ашигтай, цогц шийдэл болох юм.