ХӨНГӨН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР /LRT/ ТӨСӨЛ НЬ ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСҮҮДИЙГ НИЙСЛЭЛИЙН ТӨВТЭЙ ХОЛБОНО

2025.08.11206 үзсэн
ХӨНГӨН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭР /LRT/ ТӨСӨЛ НЬ ШИНЭ СУУРЬШЛЫН БҮСҮҮДИЙГ НИЙСЛЭЛИЙН ТӨВТЭЙ ХОЛБОНО

Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам жилд дунджаар 1.3 хувиар өсч, хотжилт, төвлөрөл эрчимтэй явагдаж үүнийг дагаад тээврийн хэрэгслийн тоо тасралтгүй өсч, авто замын сүлжээний хэт ачаалал, түгжрэл асуудал бол

Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам жилд дунджаар 1.3 хувиар өсч, хотжилт, төвлөрөл эрчимтэй явагдаж үүнийг дагаад тээврийн хэрэгслийн тоо тасралтгүй өсч, авто замын сүлжээний хэт ачаалал, түгжрэл асуудал болоод байна. 2023 оны судалгаагаар өдрийн турш түгжрэлтэй байх авто замын нийт урт 97.3 км байсан бол арга хэмжээ аваагүй тохиолдолд 2030 он гэхэд энэ үзүүлэлт 200 км-т хүрэх судалгаа гарсан нь өнөөгийн тээврийн бүтэц цаашид тэлэлт, шилжилт хөдөлгөөнийг дэмжих чадамжгүй байгааг харуулж байна.

Ийм нөхцөл байдалд нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, тэр дундаа шинээр үүсч буй суурьшлын бүсүүд болон дагуул хотуудын хөгжлийг тээвэрт суурилсан бодлогоор дэмжих шаардлага бодитоор тулгарч байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн нэг болгон Хөнгөн төмөр замын тээвэр /LRT/ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Уг төсөл нь зөвхөн хотын төвийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах бус, шинэ суурьшлын бүсүүдийг нийслэлийн төвтэй шууд холбох, дагуул хотуудын эдийн засгийг дэмжих, орон сууцны төлөвлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохистой удирдах стратегийн чухал ач холбогдолтой.

LRT төсөл хэрэгжсэнээр зорчигчид 70–100 км/цагийн хурдтайгаар зорчих боломж бүрдэх бөгөөд замын хөдөлгөөний дундаж хурд 10 орчим хувиар нэмэгдэх тооцоолол гарсан. Хөнгөн төмөр замын тээврийн системийг Улаанбаатар хотын Богдхан уулыг тойруулан байгуулахаар төлөвлөсөн ба төслийн ерөнхий зураглал нь "Улаанбаатар метро" төслийн үндсэн чиглэлтэй уялдаж, хотын тэлэлт, хүн амын өсөлт хамгийн өндөр хурдаар явагдаж буй бүсүүдийг хамарч байна. Нийт 97.3 км урттай энэхүү төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд шинэ суурьшлын бүс рүү чиглэсэн маршрутуудыг түлхүү хамарч буй нь онцлог юм. Эхний үе шат нь Толгойт–Буянт-Ухаа–Өлзийт–Хүннү хот чиглэлд, нийт 36.8 км урт, таван өртөөтэй байхаар төлөвлөгдсөн бөгөөд энэ чиглэл нь олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтыг дэмжихээс гадна Улаанбаатар хотын баруун болон өмнөд чиглэлийн шинэ орон сууцны хорооллуудтай нийслэлийн төвийг холбох гол коридор болж өгнө. Харин хоёр дахь үе шат нь Хүннү хот–Майдар–Налайх–Амгалан чиглэлд 60.5 км урт, долоон өртөөтэй байх бөгөөд энэ нь Майдар хот, Налайх дүүрэг зэрэг ирээдүйн дагуул хотуудтай нийслэлийг холбох үндсэн тээврийн сүлжээ болно.

Тус төсөл нь Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд нийслэлд хэрэгжүүлэх үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт бөгөөд цаашид Улаанбаатар хотын тээврийн бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, иргэдэд ая тухтай, хурдан, найдвартай, аюулгүй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх шинэ суурьшлын бүсүүдэд чиглэсэн ухаалаг хөгжлийн загварыг хэрэгжүүлэх эхлэл болох юм. 

Command Palette

Search for a command to run...