“LINK BRT” ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУСНЫ СИСТЕМ 2027 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

АНУ-ын Миннесота мужийн Рочестер хотод “Link BRT” тусгай замын автобусны системийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Хотын төвийг Mayo Clinic болон Waterfront хэсэгтэй холбох энэхүү тээврийн шинэчлэл нь хотын ирэ
АНУ-ын Миннесота мужийн Рочестер хотод “Link BRT” тусгай замын автобусны системийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Хотын төвийг Mayo Clinic болон Waterfront хэсэгтэй холбох энэхүү тээврийн шинэчлэл нь хотын ирээдүйн дэд бүтцийн хамгийн томоохон төслүүдийн нэгд тооцогдож байгаа аж.
Нийт 4.51 км урт коридор, 8 зогсоолтой байхаар төлөвлөсөн бөгөөд буудлуудад гэрэлтүүлэг, дулаан хангамж, мэдээллийн дэлгэц байрлуулах бөгөөд оргил цагийн үед 5 минут тутам, бусад үед 10–15 минут тутамд автобус үйлчлэх аж. Түүнчлэн орчин үеийн цахилгаан автобуснуудыг нэвтрүүлэх бөгөөд зорчигчид нэг түвшний платформоос саадгүй сууж, буух нөхцөл бүрдэнэ.
Төсөл бүрэн хэрэгжсэнээр өдөрт 5,900 орчим зорчигч тээвэрлэх боломжтой болж, одоогоор 2nd Street SW замаар дамждаг 21,800 автомашин, 13,000 автобусны зорчигчийн ачааллыг бууруулах тооцоо гарчээ. Ингэснээр хотын төв болон эмнэлгийн бүсийн түгжрэлийг багасгахын зэрэгцээ автомашины утаа, дуу чимээг бууруулж, зогсоолын эрэлтийг багасгах зэрэг олон талын үр өгөөж үзүүлэх гэнэ.
143–175 сая ам.долларын өртөгтэй уг бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн 6 дугаар сараас эхэлсэн бөгөөд 2027 онд системийг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Хотын удирдлагууд Link BRT төсөл нь Рочестер хотын нийтийн тээврийг шинэ шатанд гаргаж, иргэд болон Mayo Clinic-ийн олон мянган ажилтан, өвчтөнд түргэн, найдвартай, хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийн шинэ сонголтыг бий болгоно хэмээн онцолжээ.