ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСӨЛ: БАРИЛГЫН АЖЛЫН БЭЛТГЭЛ ХАНГАГДАЖ БАЙНА

Сүүлийн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо жилд дунджаар 15 хувиар нэмэгдсэн бол авто замын сүлжээ ердөө 1.5 хувиар өссөн нь түгжрэлийг нэмэгдүүлж, иргэдийн амьдрал, ажлын цаг, эдийн засгийн
Сүүлийн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо жилд дунджаар 15 хувиар нэмэгдсэн бол авто замын сүлжээ ердөө 1.5 хувиар өссөн нь түгжрэлийг нэмэгдүүлж, иргэдийн амьдрал, ажлын цаг, эдийн засгийн эргэлтэд хохирол учрах болсон. Иймд эдгээр асуудлыг зайлшгүй шийдвэрлэх хүрээнд богино, дунд, урт хугацааны шийдлүүдийг дэвшүүлэн ажиллаж буйн нэг нь авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах, төвөөр зорчих автомашины урсгалыг сааруулах зорилготой “Туулын хурдны зам” төсөл юм.
Энэхүү төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгох, олон улсын нээлттэй тендерт Poly Changda Engineering Co Ltd, Longjian road&bridge Co Ltd, Shandong Luqiao Group Co., Ltd, China Hyway group limited саналаа ирүүлж үр дүнд нь Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарч, гэрээ байгуулсан. Одоогоор барилга угсралтын бэлтгэл ажлууд хийгдэж байна.
Туулын хурдны зам нь нийт 6 эгнээ, 32 км байх бөгөөд Баянзүрхийн товчооноос баруун аймгийн чиглэлийн “аюулгүйн тойрог” хүртэл үргэлжилнэ. Замын бүтээн байгуулалт нь 8 байршилд 2 түвшний уулзвар, 13 байршилд нийт 9,878 метр урт гүүр, 4 байршилд 190 метрийн урттай туннельтэй байхаар төлөвлөгдсөн. Хотын төвөөр дайрах хэсгийг гүүрэн байгууламжаар шийдэж, орчин үеийн архитектурын өнгө төрхтэйгээр орчин үеийн стандартаар баригдах цогц авто замын төсөл юм.
Уг төслийг хэрэгжүүлснээр Наадамчдын өргөн чөлөөний ачаалал 15–30%, Энхтайваны өргөн чөлөө 11–25%, Чингисийн өргөн чөлөө 10–25%, Сонсголонгийн гудамж 5–17%-иар буурах тооцоолол гарсан.
Тус зам ашиглалтад орсноор хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар нэмэгдэж, замын урсгалын тэнцвэр сайжирна. Ачаа тээврийн урсгал төвийн замаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаарын бохирдол, дуу чимээ багасна. Ингэснээр хотын иргэд эрүүл, амар тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэх, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалыг шинэ түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох цогц төсөл юм.