ХОЁРДУГААР ТОЙРОГ ЗАМ ТӨСӨЛ: АВТО ЗАМ, ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖ, ДУГУЙН ЗАМ ЗЭРЭГ ЦОГЦ ТӨЛӨВЛӨЛТӨӨР ТЭЗҮ-ИЙГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам” төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. “Нэгдүгээр тойрог зам” төслийн
Нийслэл Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам” төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.
“Нэгдүгээр тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил 100 хувь дуусч, Зам, тээврийн яамны дэргэдэх холбогдох дэд зөвлөл, Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжигдэж батлагдсан. Харин “Хоёрдугаар тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, урьдчилсан зураг төсөл боловсруулах ажлыг Хятадын Гуандун мужийн “Зам тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК гүйцэтгэж байгаа бөгөөд 70 хувийн явцтай байна.
ТЭЗҮ-ийн хүрээнд инженер геологи, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн судалгаа, байгаль орчин төлөв байдлын үнэлгээ, ус зүйн урьдчилсан судалгаа, трассын дагууд 1:500 масштабтай байр зүйн зураглал зэрэг үнэлгээ, зураг төслийн суурь ажлуудыг хийж дуусгасан. Мөн авто замын трасс төлөвлөлт, гүүр хоолой, авто замын хучилт, уулзвар огтлолцол, инженерийн шугам сүлжээ зэрэг ТЭЗҮ-ийн дунд шатны ажлууд 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Трассын хувьд, “Хоёрдугаар тойрог зам” төсөл нь нь хотын захын бүсийг хамарсан, дэд төвүүдийг холбох хоёр чиглэлтэй маршрутаар хэрэгжихээр төлөвлөгдсөн. Баруун чиглэлийн маршрут нь 22-ын товчооноос эхэлж, Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран өнгөрч, Баянхошууны уулзварт хүрч нэгдүгээр тойрог замтай холбогдоно. Харин зүүн чиглэлийн маршрут нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн орчим, Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, эцэст нь Туулын хурдны замтай огтлолцохоор төлөвлөгдсөн. Эдгээр чиглэл нь хотын зүүн болон баруун захын бүсүүдийг төвийн замын ачаалалд нөлөөлөхгүйгээр холбож, нийтийн шилжилт хөдөлгөөнийг дэмжих, захын хороололд амьдарч буй иргэдийн тээврийн хүртээмжийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэх ач холбогдолтой.
Хоёрдугаар тойрог замын зүүн чиглэлд 5.7 км, 5.8 км, 6.6 км урттай гурван хувилбар, баруун чиглэлд 14.9–15.1 км урттай гурван трассын сонголтыг боловсруулсан байна. Гүүрэн байгууламж, дугуйн зам болон явган хүний зам, ногоон байгууламжийг тус төсөлд тусган цогцоор барихаар төлөвлөжээ.
Трассын хувилбаруудыг тодорхойлохдоо тээврийн эрэлт, зангилаа, газарзүйн байршил, геологийн нөхцөл, байгаль орчны нөлөөлөл, газар ашиглалт, хот төлөвлөлтийн бодлого болон нийгэм, эдийн засгийн үр ашгийг цогцоор нь авч үзэн судалгаа хийжээ. Байгаль орчинд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, орчны тоосжилт, дуу чимээ, хэт халалт бууруулах зэрэг байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж, иргэдийн замын түгжрэлээс үүсэх зорчих хуацааны хэмнэлтийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх үр дүнтэй төсөл юм.
“Хоёрдугаар тойрог зам” төсөл бүрэн хэрэгжсэнээр нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэлийг 23 орчим хувиар бууруулах боломжтой хэмээн урьдчилан тооцоолжээ.