ХАНЫН МАТЕРИАЛ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ: НЭГДҮГЭЭР ШАТНЫ ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 92 ХУВЬТАЙ БАЙНА

Улаанбаатар хотын газар нутгийн 88.2 орчим хувийг эзэлдэг гэр хорооллын бүсэд хүн амын 60 орчим хувь амьдарч байна. Иймд хотын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, төлбөрийн чадварт нийцсэн
Улаанбаатар хотын газар нутгийн 88.2 орчим хувийг эзэлдэг гэр хорооллын бүсэд хүн амын 60 орчим хувь амьдарч байна. Иймд хотын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхошуу, Сэлбэ, Ханын материал, Хүннү зэрэг байршилд цогц орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Ханын материалд 3000 айлын орон сууцны төслийг 20,7 га талбайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд 2025–2029 онд хоёр үе шаттайгаар барьж байгуулах юм. Төслийн нэгдүгээр үе шатанд 12.6 га талбайд 1,800 айлын орон сууц, 2 дугаар үе шатанд 1,200 айлын орон сууцыг 8,1 га талбайд барина. Төслийн газар чөлөөлөлтийн ажил амжилттай хэрэгжиж байна. Нэгдүгээр үе шатанд нийт 232 нэгж талбарыг чөлөөлөхөөс гүйцэтгэл 92 хувьд хүрчээ.
Ханын материалын хот орон сууцжуулах төслийн хүрээнд худалдаа, үйлчилгээ, спортын төв бүхий цогц орон сууцны төслийг хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд гэр хорооллын яндан, нүхэн жорлон тус тус 3,000-аар буурах тооцоо судалгаа гарсан байна.
“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль”, “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”, “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам” зэрэг эрх зүйн баримт бичгийг үндэслэн төслийн гүйцэтгэгч сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан бөгөөд компаниудын саналыг 2025 оны наймдугаар сарын 07-ны өдрийн 11:00 цаг хүртэл хүлээн авсан. Тендерт оролцохоор гурван компани материал хүлээн авсан ч, өнөөдрийн байдлаар нэг л компани санал өгч, материалаа ирүүлээд байна. Тендерийн журмын дагуу үнэлгээний хороо үнэлгээ хийж буй аж.