У.ЭРДЭНЭЧИМЭГ: МЕТРОНЫ 2+2 ХӨТӨЛБӨР НЬ ЗАМ ТЭЭВЭР, ТӨМӨР ЗАМ, ТРАМВАЙ ЗЭРЭГ БУСАД САЛБАРТ ХӨРВӨН АЖИЛЛАХ ИНЖЕНЕРҮҮДИЙГ БЭЛТГЭНЭ

Монголд анх удаа хэрэгжиж буй метроны инженер бэлтгэх 2+2 хөтөлбөрөөр ШУТИС, БНСУ-ын Халла их сургууль хамтран олон улсын стандартад нийцсэн, хотын дэд бүтцийн мэргэжилтнүүдийг энэ 9 сараас эхлэн бэлтгэх юм. Элсэлтийн та
Монголд анх удаа хэрэгжиж буй метроны инженер бэлтгэх 2+2 хөтөлбөрөөр ШУТИС, БНСУ-ын Халла их сургууль хамтран олон улсын стандартад нийцсэн, хотын дэд бүтцийн мэргэжилтнүүдийг энэ 9 сараас эхлэн бэлтгэх юм. Элсэлтийн талаар УБ Метро төслийн сургалтын мэргэжилтэн У.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
Монголд анх удаа метро төсөл хэрэгжиж байгаа энэ үед мэргэжилтэн инженерүүдийг хэрхэн бэлтгэхээр төлөвлөж байна вэ? Төслийн хувьд ч, хөтөлбөрийн хувьд ч шинэ шүү дээ.
Монгол улсад анх удаа нийтийн тээврийн томоохон төслүүд болох Метро, Трамвай, Төмөр замын төслүүд хэрэгжих гэж байна. Бид олон улсад ажилласан туршлага, мэдлэгтэй залуусыг урьж, төслийг амжилттай хэрэгжүүлэхээр зорьж байна. Төсөл хэрэгжих үед барилга байгууламж, тоног төхөөрөмж түүнийг удирдаж, арчилж, хөгжүүлэх чадвартай мэргэжилтнүүд хамгийн чухал. Иймд үндэсний инженерүүдийг бэлтгэх шаардлага тулгарч Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, мөн БНСУ-ын Халла их сургууль хамтран гурван талт санамж бичиг байгуулж мэргэжилтэн инженерүүдийг бэлтгэхээр хамтран ажиллаж байна.
Монголын их, дээд сургуулиуд олон салбарт 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Та бүхний санал болгож буй энэ удаагийн хөтөлбөр юугаараа онцлог вэ?
Эхний хоёр жилийг Монголдоо буюу ШУТИС-д, дараагийн хоёр жилийг БНСУ-ын Халла их сургуульд суралцаж хос дипломтой төгсөнө. Ингэснээр төгсөгчид хоёр улсын их сургуулийн хос дипломтой болж мэргэжлээрээ зөвхөн Монголд төдийгүй дэлхийн аль ч улсад ажиллах өндөр ур чадвар эзэмшинэ гэдгийг онцолъё. Бид Метроны удирдлага, хяналтын инженерчлэл, Метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл, Метроны барилгын инженерчлэл, Метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл гэсэн дөрвөн ангийг шинээр нээж энэ 9 сараас хөтөлбөрөө эхлүүлэхээр элсэлтээ авч байна. Мөн БНСУ-д магистр болон докторын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож байна.
Метроны “2+2” хөтөлбөрийн суралцах хугацаа, сургалтын агуулга, чиглэлийг танилцуулна уу.
Шинээр нээгдсэн 2+2 хөтөлбөр нь метроны бүтээн байгуулалтын бүх үе шатыг хамарсан орчин үеийн сургалтын арга, тоног төхөөрөмжөөр дамжуулан оюутнуудыг бэлтгэнэ. Хөтөлбөрийн хүрээнд метроны загварчлал, симуляторын лаборатори, дохиолол-удирдлагын туршилтын төв, механик болон цахилгааны засварын дадлагын цех зэрэг танхимуудыг ашиглаж, төлөвлөлт, зураг төсөл, барилга, цахилгаан-дохиолол, хяналт, ашиглалт, засвар үйлчилгээний бүх үе шатны мэдлэг, дадлага эзэмшүүлэхийг зорьж байна.
ШУТИС-д элссэн оюутнууд эхний хоёр жилдээ метроны чиглэлийн ерөнхий эрдмийн хичээл болон Солонгос, Англи хэлийг судалснаар гуравдугаар курсээсээ БНСУ-ын Халла их сургуульд мэргэжлийн хичээлээ гүнзгийрүүлэн судлах суурьтай болно. Ингэснээр төгсөгчид нь метроны салбарын үндсэн мэдлэг, олон улсын стандартад нийцсэн чадвар, мэргэжлийн ур чадварыг нэг дор эзэмшин, шууд ажлын байранд ажиллах боломжтой болно.
Энэхүү мэргэжлийг сонгон суралцах сонирхолтой хүүхдүүдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?
Метроны салбарын мэргэжилтнээр ажиллан, нийслэлийн ирээдүйг түүчээлэх, түүхэн бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй залуучуудад нээлттэй. Энэхүү мэргэжлээр сурахын тулд 1-р суурь хичээл Математик, Физикийн /аль нэг/, 2-р суурь хичээл болох Англи хэл, Нийгмийн хичээлийн /аль нэг/ ЭЕШ-ын оноо 500 ба түүнээс дээш байх ба элсэлтийн бүртгэл одоо ч явагдсаар байгааг энэ дашрамд дурдмаар байна.
Оюутнууд зөвхөн метроны чиглэлээр мэргэшинэ гэж ойлгож болох уу?
Энэхүү 2+2 хөтөлбөрт элссэн оюутнууд зөвхөн метроны чиглэлээр бус нийтийн тээврийн дэд бүтцийн чиглэлээр, төслийн бүх шатны төлөвлөлт, зураг төсөл, барилга, ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр мэргэших юм. Ачаа болон зорчигч тээврийн төмөр зам, хот дотор болон хот хоорондын дунд зайны тээврийн хөнгөн галт тэрэг, хотын төв болон аялал жуулчлалын бүсийн нийтийн тээврийн трамвай зэрэгт ажиллах ажлын байраар хангагдах юм.
Мөн хот байгуулалт ба дэд бүтцийн төслүүдэд зориулсан сургалтын хүрээнд хотын тээврийн сүлжээний төлөвлөлт, удирдлага, автоматжуулсан удирдлагын систем, хотын инженерийн байгууламжийн барилга, суурь бүтэцтэй танилцах боломжтой. Цахилгааны инженерчлэлийн чиглэлээр цахилгаан түгээх, хуваарилах дэд станц, тэжээлийн систем, дохиолол, удирдлагын цахилгааны тоноглол, ухаалаг тээврийн системийн инженерчлэлийн мэдлэгийг олж авна.
Машин механизм, үйлдвэрлэлийн чиглэлээр вагон, галт тэрэг, LRT, трамвай зэрэг хөдлөх бүрэлдэхүүний засвар үйлчилгээ, механик эд анги, системийн зохион бүтээлт, үйлдвэрлэл, үйлдвэрийн автоматжуулалт, робот техникийн чиглэлээр дадлага туршлага хуримтлуулна. Төслийн менежмент ба зөвлөх үйлчилгээний хичээлүүдээр инженерийн консалтинг, гадаад болон дотоодын томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн удирдлага, олон улсын хамтарсан дэд бүтцийн төслүүдэд оролцох, туршлагаа хөгжүүлэх боломжтой.
ШУТИС-ийн зүгээс метро инженерчлэлийн шинэ хөтөлбөрүүдэд хичээл заах багш нараа хэрхэн бэлтгэж байгаа нь сонин байна л даа?
Монголд метро нь шинэ салбар тул ШУТИС-ийн метро инженерчлэлийн хөтөлбөрүүдэд багшлах боловсон хүчнийг бэлтгэх нь чухал байна. Энэ зорилгоор багш нарыг БНСУ-ын Халла их сургуульд 6 сарын хугацаатай онол, дадлагыг хослуулсан мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулсан бөгөөд сургалт амжилттай хэрэгжиж дуусч, багш нар энэ сарын сүүлээр эх орондоо ирнэ. Алсдаа ШУТИС нь уг салбарт ажиллах хүний нөөцөө дотооддоо бүрэн бэлтгэж, дэлхийн стандартад нийцсэн өндөр ур чадвартай инженер, техникийн ажилчдыг бэлтгэдэг боловсролын тогтолцоотой болохыг зорьж байгаа юм.
Мэдээж олон сургууль энэ чиглэлд оюутан бэлтгэх хүсэлтээ ирүүлсэн байх. Халла их сургуулийн онцлог давуу тал нь юу байсан бэ?
Хөтөлбөрийг БНСУ-ын Халла группийн харьяа их сургуульд хэрэгжүүлж байна. Халла групп нь БНСУ-д анхны метроны төслийг хэрэгжүүлж, дэд бүтэц, инженерийн салбарт олон арван жилийн туршлагатай байгууллага бөгөөд автомат жолоодлого, автомашины эд ангиудын дэлхийн зах зээлд 46 дугаар, барилгын салбарын 30 дугаар байрт жагсдаг. Тиймээс тус группын бааз суурийг түшиглэн монгол оюутнууд чадавхжих бүрэн бололцоотой гэсэн үг юм. Түүгээр ч зогсохгүй бусад метро компаниуд, хот байгуулалтын агентлагууд, инженерийн консалтинг фирмүүдтэй өргөн хүрээний хамтын ажиллагаатай. Энэ нь оюутнуудад зөвхөн инженерийн ур чадвар төдийгүй төслийн удирдлага, менежментийн чадамжийг зэрэг хөгжүүлж онолын мэдлэгээ бодит төслүүд дээр шууд хэрэгжүүлэх, олон улсын ажлын орчинд дасан зохицох бэлтгэлээ бүрэн олж авсан байх юм.
Таны зүгээс энэ хөтөлбөрийг улсын хөгжилд хэрхэн нөлөөлнө гэж харж байгаа вэ?
Монголд урьд өмнө огт байгаагүй, олон улсын стандартын метроны инженер бэлтгэх суурь эхлэл болж байна. Энэ бол хотын дэд бүтцийн ирээдүйг өөрчилж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай залуус төрүүлэх төдийгүй оюутнуудын хувьд олон улсын болон дотоодын дэд бүтцийн төслүүдэд өргөн хүрээнд оролцох, салбар хооронд хөрвөж ажиллах давуу талыг бий болгож байгаа юм.
Баярлалаа. Амжилт хүсье.