НЭГДҮГЭЭР ТОЙРОГ ЗАМ: ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧГИЙГ БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Монгол Улсад 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.3 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 59.5 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байна. Сүүлийн 10 жилд тээврийн хэрэгсэл 2 дахин, үүнээс Улаанбаатар хотод бүр
Монгол Улсад 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.3 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 59.5 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байна. Сүүлийн 10 жилд тээврийн хэрэгсэл 2 дахин, үүнээс Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо 93 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд жилд дунджаар 36 мянган тээврийн хэрэгсэл нийслэлд бүртгэгдэж буй судалгааг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Судалгаа, шинжилгээ хөгжүүлэлтийн албанаас гаргажээ. Авто машины тоо эрс өссөн ч, замын сүлжээний өргөтгөл, шинэчлэл хийгдээгүйн улмаас түгжрэл дээд цэгтээ хүрч, эдийн засаг, нийгмийн асар их хохирлыг дагуулж байна.
Тиймээс нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн нэгээр Туулын хурдны замтай огтлолцох Шинэ тойрог зам төслийг төлөвлөсөн. Төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэх бөгөөд Нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажлыг “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК ба Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулж шат шатны мэргэжлийн байгууллагаар хэлэлцүүлж батлуулсан бөгөөд ажлын хэсэг байгуулагдан ТЭЗҮ-г хүлээн авахаар ажиллаж байна.
Нэгдүгээр тойрог замын тендерийн баримт бичиг бэлдэх ажлын хэсэг байгуулах 2025 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн дугаар А/1044 захирамжийн дагуу техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг боловсруулж дууссан бөгөөд тендерийн баримт бичгийг EPC+F нөхцөлөөр боловсруулж байна. Тендерийн өгөгдлийн хүснэгт, Гэрээний ерөнхий нөхцөл, Гэрээний тусгай нөхцөлийг хянасан. Захиалагчийн шаардлага болон хавсралтуудыг Нийслэлийн замын хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, Хот төлөвлөлт, хотын стандартын газар зэрэг чиглэл тус бүрээр хянуулж, санал авахаар ажиллаж байна. Төслийн хүрээнд хотын төвийг тойрон гарах зургаан эгнээ бүхий нийт 24.7 км урттай авто зам, найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзваруудыг төлөвлөжээ.
НТУГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн алба, төслийн гүйцэтгэгч “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК хамтран хийсэн судалгаанаас харахад, тус төсөл 2030 онд хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын түгжрэл дунджаар 19–20 хувиар буурах тооцоолол гаргасан байна. Тухайлбал, Их тойруу, Нарны зам зэрэг гол гудамжуудын ачаалал 10–20%, Москвагийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг замуудын ачаалал 20–40%, харин Ажилчны гудамжийн ачаалал 40-с дээш хувиар буурахаар тооцоолол гарчээ.