БАЯНХОШУУ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСЛИЙН ЭХНИЙ 220 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙНА

Улаанбаатар хотын оршин суугчдын 60 орчим хувь нь амьдарч буй гэр хорооллын бүсийг цогц дэд бүтэцтэй холбохгүйгээр тухай бүсэд оршин сууж буй иргэдийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах боломжгүй юм. Энэ хүрээнд Нийслэлий
Улаанбаатар хотын оршин суугчдын 60 орчим хувь нь амьдарч буй гэр хорооллын бүсийг цогц дэд бүтэцтэй холбохгүйгээр тухай бүсэд оршин сууж буй иргэдийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах боломжгүй юм. Энэ хүрээнд Нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Баянхошууг баруун бүсийн томоохон дэд төв болгон хөгжүүлэхээр заасны дагуу бага болон дунд орлоготой өрхийн хэрэгцээнд нийцсэн, байгальд ээлтэй, амьдрахад таатай, хүртээмжтэй бүс болгон шинэчлэх зорилготой “Баянхошуу хот орон сууцжуулах” төслийг хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийг Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын санхүүжилтээр НЗДТГ хэрэгжүүлж байгаа бөгөөд Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн 3 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийт 5000 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн байна. Үүнээс нэгдүгээр бүрэлдэхүүн хэсэгт Баянхошуу болон Шархад дэд төвд нийт 23 блок, 800 айлын орон сууцыг 2023–2026 онд барьж дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжийн 220 айлын сууцны барилга угсралтын ажил бүрэн дуусаж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Харин хоёр дахь ээлжийн 454 айлын барилгын ажил одоогоор 43.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Баянхошууны 41.3 га талбайд 2816 айлын, Шархадны 19.2 га талбайд 2184 айлын орон сууц баригдах төлөвлөгөөтэй. Ногоон орон сууцнууд нь эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй барилгын материал, инженерийн шийдлийг ашиглан баригдах бөгөөд энэ нь хэрэглээний зардлыг бууруулахын зэрэгцээ хотын агаар болон хөрсний бохирдлыг багасгах ач холбогдолтой. Хэдийгээр барилгын өртөг энгийн барилгаас 13 хувиар өндөр боловч ашиглалтад орсноор ус, цахилгааны зардлыг 20 хүртэл хувиар хэмнэх боломжтой аж.
Төслийн үр дүнд гэр хорооллын 8000 яндан, 5000 нүхэн жорлонг халж, жил бүр 12 сая кВт цахилгаан эрчим хүч, 30 сая кВт дулаан, 5.4 сая литр ус хэмнэх боломжтой. Мөн хорооллын нийт талбайн 40 хувийг буюу 120 мянган метр квадрат газрыг ногоон байгууламжид зориулснаар нийслэлийн ногоон санг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Ингэснээр 18 мянга гаруй иргэн шинэ сууцанд нүүн орж, нийтдээ 25 мянга орчим хүний амьдрах орчин эрс сайжирч, эрүүл, аюулгүй, тогтвортой орчин бүрдэх юм.