"ГАЗАГОМ" АППЛИКЕЙШНЭЭР ГАР УТАСНЫ ХӨДӨЛГӨӨНД СУУРИЛСАН ЗОРЧИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ СУДАЛГААГ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

БНСУ-ын Газар, дэд бүтэц, зам тээврийн яамны Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ын хүрээнд "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал тээврийн мастер төлөвлөгөө" боловсруулах төсөл хэрэгжиж байгаа
БНСУ-ын Газар, дэд бүтэц, зам тээврийн яамны Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ын хүрээнд "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал тээврийн мастер төлөвлөгөө" боловсруулах төсөл хэрэгжиж байгаа бөгөөд төслийг "KOTI", "Dong Myeong Engineering Consultants", "HD Corporation"-ийн хамтарсан консорциум гүйцэтгэж байна.
Энэ хүрээнд судалгааны багийн төлөөлөгчид 2025 оны 8 дугаар сарын 19, 20-нд "Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар", "Нэгдсэн Төслийн Удирдлагын Газар" ОНӨТҮГ, "Замын хөгжлийн газар", "Нийтийн тээврийн бодлогын газар", "Хот байгуулалт, хотын стандартын газар", "Замын хөдөлгөөний удирдлагын төв" зэрэг нийслэлийн холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдтэй хамтран семинар зохион байгууллаа. Тус уулзалт семинараар замын хөдөлгөөний тээврийн төлөвлөлт болон нөхцөл байдлыг тодорхойлохын тулд төслийн хүрээнд хийгдэх суурь судалгааны ажлын төлөвлөгөө, хамрах хүрээ, судалгааны аргачлал зэргийг зөвшилцөв.
Суурь судалгааны хүрээнд замын хөдөлгөөний эрчим, нийтийн тээврийн хэрэглээ, авто зогсоолын байгууламжийн судалгааг хийж байгаа бөгөөд гар утасны хөдөлгөөнд суурилсан зорчилт хөдөлгөөний судалгааг нарийвчлан тооцоолохоор төлөвлөжээ. Тухайлбал, иргэдийг мобайл аппликейшн ашиглан судалгаанд хамруулах аргачлал ашиглах бөгөөд ингэснээр иргэдийн оролцоог хангаж, өгөгдлийн чанарыг сайжруулах ач холбогдолтой. "Газагом" нэртэй тус аппликейшн монголын ховордсон мазаалай баавгайн дүртэй байх аж.
Шинжлэх ухаанд суурилсан судалгаа, орчин үеийн дижитал арга хэрэгсэл болон иргэдийн идэвхтэй оролцоог хослуулан төслийг хэрэгжүүлж байна.