ДУЛААНЫ ТАРХМАЛ ЭХ ҮҮСВЭР НЬ ОРГИЛ АЧААЛЛЫН ҮЕД ҮНДСЭН СҮЛЖЭЭНД ДУЛААН НИЙЛҮҮЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН

“Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил 2025”-ийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжилд бодит хувь нэмэр оруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйн нэг нь дулаан хангамжийн станцын хүчин чадлыг сайжруулах төсөл ажлуу
“Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил 2025”-ийн хүрээнд Улаанбаатар хотын хөгжилд бодит хувь нэмэр оруулах төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж буйн нэг нь дулаан хангамжийн станцын хүчин чадлыг сайжруулах төсөл ажлууд юм. Тухайлбал, нийслэлийн дулаан хангамжийн станцууд цагт 2,318 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай ч, ачаалал нь 3,898.6 Гкал/цаг болж, чадлын дутагдал 168.1 хувьд хүрсэн байна. Түүнчлэн олон жилийн турш дорвитой шинэчлэл хийгдээгүйн улмаас дулааны шугам сүлжээний 24 хувь буюу 91 км шугам сүлжээний насжилт дууссан нь нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг юм. Тиймээс чадлын станцуудыг байгуулж, оргил ачааллын үед үндсэн сүлжээнд дулаан нийлүүлэх “Дулааны тархмал эх үүсвэр” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд бага чадлын 10 станц барихаар төлөвлөсөн бөгөөд Сэлбэ болон Хүннү хотын орчимд хоёр байршилд байгальд ээлтэй технологи нэвтрүүлж, газрын гүний дулааныг ашиглах геотермийн станц барихаар төлөвлөөд байна. Мөн газрын гүний дулааны хайгуул, судалгааны ажлыг эхлүүлээд байгаа юм.
Тархмал эх үүсвэрийн хувьд, Их Засаг, Дүнжингарав, Цэцэрлэгт хүрээлэн, Дэнжийн мянгын орчимд хийн түлшээр ажиллах станцуудыг барихаар төлөвлөсөн. Харин Шархад, Яармаг, Залуус, Морингийн давааны бүсэд хатуу түлшээр ажиллах станцуудыг төлөвлөжээ. Эдгээр эх үүсвэр нь 21 - 144 МВт хүртэлх хүчин чадалтайгаар ажиллаж, оргил цагийн үед системийн ачааллыг бууруулан нийт 581 Гкал/цаг дулааны эрчим хүчийг системд нийлүүлнэ. Дэнжийн мянгын дулааны станцын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд ирэх оноос уг станцын барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна. Үүнээс гадна Туулын гүүрний зүүн хойд хэсэгт орших 4 га газрыг Эрчим хүчний яаманд шилжүүлсэн байна. Мөн Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон Эрчим хүчний яам хамтран уг байршилд хийн түлшээр ажиллах станцыг барихаар ажлыг эхлүүлээд байна.