building

СЭЛБЭ ХОТ: ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 92 ХУВЬТАЙ

2025.08.28181 үзсэн
СЭЛБЭ ХОТ: ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ 92 ХУВЬТАЙ

Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэр нь ойролцоогоор 470,000 га бөгөөд үүний 7 орчим хувь буюу 27,409 га орчим нь хотожсон байна. Хотожсон бүсийн 11.8 хувь нь орон сууцны хороолол, 88.2 хувийг гэр хороолол эзэлж буй. Гэр

Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэр нь ойролцоогоор 470,000 га бөгөөд үүний 7 орчим хувь буюу 27,409 га орчим нь хотожсон байна. Хотожсон бүсийн 11.8 хувь нь орон сууцны хороолол, 88.2 хувийг гэр хороолол эзэлж буй. Гэр хорооллын бүсийг иж бүрэн дэд бүтэцтэй холбохгүйгээр тухайн бүсийн оршин суугчдын өдөр тутмын хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангах боломжгүй учир иргэдийг чанартай орон сууцаар хангах, амьдрах орчныг сайжруулах, агаарын болон орчны бохирдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн суурийг тавих чиглэлээр дэд төвүүдийг хөгжүүлэх, орон сууцжуулах төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү бодлогын хүрээнд хэрэгжиж буй гол төслийн нэг нь “Сэлбэ 20 минутын хот” бөгөөд Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамран нийт 158 га буюу 2,206 нэгж талбарт баригдах бол өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд 186 нэгж талбар үлдээд байгаа юм. Үүнээс багц 1 болон багц 2-ын газар чөлөөлөлтөнд 10 нэгж талбар үлдээд байна. Нийт 10,067 айлын орон сууц баригдах тус төслийг 24 сарын хугацаанд буюу өөрөөр хэлбэл 2027 оны II улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар барилгын явц багц 1 болон 2 -ын 46 блок орон сууцны газар шорооны ажил 32 хувьтай, суурийн цутгалт болон бэлтгэл ажил 21 хувьтай үргэлжилж байгаа бол багц 3, 4 дахь 67 блок орон сууцны барилгын 5 багц тендерийн сонгон шалгаруулалт хийгдэж дууссан. Тус тендерт нийт 34 байгууллага оролцсоноос 15 нь гадаад, 19 нь дотоодын байгууллага байлаа.

Сэлбэ хотын нийт талбайн 36 хувийг ногоон байгууламж эзлэх бөгөөд Сэлбэ голын эрэг дагуу 1.5 км үргэлжлэх амралт, чөлөөт цагийн бүсийг бий болгох юм. Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд гэр хорооллын 15,600 янданг багасгаж, агаарын бохирдлыг 6 хувиар бууруулахаас гадна 12,000 нүхэн жорлонг хэрэглээнээс гаргах юм. 

Дэд бүтцийн хүрээнд хэрэглээний усыг зэс хоолойгоор түгээснээр иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан, чанартай ус хэрэглэх боломжтой болно. Түүнчлэн 3,780 хүүхдийн суудалтай гурван сургууль, 1,200 хүүхдийн багтаамжтай таван цэцэрлэгийг төлөвлөөд байна. 

Ийнхүү орон сууц, дэд бүтцийн шийдэл, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламжийг цогцоор нь шийдвэрлэсэн “Сэлбэ хот” нь Улаанбаатарын тогтвортой хөгжлийн загвар хот болон өргөжин хөгжихөөр төлөвлөгдсөн бөгөөд нийслэлийн бусад бүсүүдийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, иргэдийн амьдрах орчныг эрс сайжруулах ач холбогдолтой анхны жишиг хот болох юм.

Command Palette

Search for a command to run...