Н.ЭНХ-УЧРАЛ: ЗАМ ТЭЭВЭР, ТӨМӨР ЗАМ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН АЛИНД Ч ХӨРВӨН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ УЧИР МЕТРОНЫ ИНЖЕНЕР МЭРГЭЖЛИЙГ СОНГОСОН

Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн харъяа Механик инженер, Тээврийн сургуульд энэ хичээлийн жилээс эхлэн Метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Их багтаамжийн нийтийн тээвэр “УБ Метро
Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийн харъяа Механик инженер, Тээврийн сургуульд энэ хичээлийн жилээс эхлэн Метроны инженер, мэргэжилтэн бэлтгэх “2+2” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Их багтаамжийн нийтийн тээвэр “УБ Метро” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хүний нөөцийг бэлтгэх хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль, БНСУ-ын “ХАЛЛА” их сургууль хооронд 2024 оны есдүгээр сард гурван талт санамж бичиг байгуулсан бөгөөд ийнхүү энэ хичээлийн жилээс эхлэн дөрвөн чиглэлээр инженер, мэргэжилтэнг бэлтгэж эхлээд байна. Метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл, Метроны барилгын инженерчлэл, Метроны удирдлага, хяналтын инженерчлэл, Метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл гэсэн дөрвөн чиглэлээр оюутан залуусыг сургаж бэлтгэх юм.
ШУТИС-ийн Механик инженер, Тээврийн сургуулийн захирал, багш удирдлагууд өнөөдөр тус хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын төлөөлөлтэй уулзлаа. Элсэгчдийн хувьд, эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, ирээдүйд эрэлттэй байх мэргэжлийг сонгож буйдаа итгэлтэй байгаагаа илэрхийлсэн. Зөвхөн метро гэлтгүй, Төмөр зам, Зам тээврийн салбарт ч хөрвөн ажиллах боломжтой гэдгийг харгалзан энэ мэргэжлийг сонгосон гэдгээ оюутнууд онцолж байлаа.
Оюутан Н.Энх-Учралын хувьд, хоёр зорилгоор МТИС-д суралцахыг хүсчээ. Түүний аав нь энэ сургуулийг төгсөж, уул уурхайн салбарт олон жил ажилласан инженер хүн байсан нь энэ мэргэжлийг сонгох шалтгаан болжээ. Удаад нь, Монголынхоо тэргүүлэх сургуулийн диплом болон БНСУ-ын ХАЛЛА их сургуулийг дипломыг 4 жилд хослон эзэмших боломж бүрдсэн учир энэ мэргэжлийг сонгосон хэмээн ярив. Түүнчлэн метроны инженерээр төгссөнөөр бусад чиглэлд хөрвөн ажиллах олон боломж бүрдэж, цоо шинэ салбарын боловсон хүчин болж бэлтгэгдэнэ хэмээн тэрээр дурьдаж байлаа.
ШУТИС-д элссэн оюутнууд эхний хоёр жилд метроны чиглэлийн ерөнхий эрдмийн хичээл болон Солонгос, Англи хэлийг судална. Харин гуравдугаар курсээс БНСУ-ын Халла их сургуульд мэргэжлийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах бөгөөд ингэснээр төгсөгчид метроны салбарын үндсэн мэдлэг, олон улсын стандартад нийцсэн чадвар, мэргэжлийн ур чадварыг нэг дор эзэмшин, шууд ажлын байранд ажиллах боломжтой болох юм.
ШУТИС-ийн Механик инженер, Тээврийн сургуулийн захирал, доктор, профессор Н.Пүрэвдорж “Энэхүү 2+2 хөтөлбөрийн хүрээнд дөрвөн чиглэлээр оюутнуудыг сургана. Зөвхөн метроны инженерчлэл мэргэжлийг сонголоо гэхэд, LRT Хөнгөн галт тээвэр, Цахилгаан тээвэр, Зам тээвэр, Дүүжин тээвэр зэрэг өргөн хүрээнд ажиллах боломж бүрдэнэ. Зөвхөн нийтийн тээвэр гэлтгүй уул уурхайн салбарт ч хөрвөн ажиллах боломжтой. Магадгүй, оюутан залуусын хувьд, метроны 2+2 хөтөлбөрийг сонирхож байвал эхний семистрийн төгсгөлд суралцах хүсэлтээ өгч суралцах боломж нээлттэй байгааг тодотгоё. Түүнчлэн бид сургуульдаа дадлагын лаборатори анги танхим байгуулахад бодлогоор анхаарч, энэ онд бид метроны симулятор суурилуулахаар бэлтгэл хангаж байна.” гэв.
Манай улсад метро нь шинэ салбар болох тул ШУТИС-ийн метро инженерчлэлийн хөтөлбөрүүдэд багшлах боловсон хүчнийг БНСУ-ын ХАЛЛА их сургуульд 6 сарын хугацаатай онол, дадлага хослуулсан мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт дадлагажуулсан. Багш нарыг багийг ахлан “ХАЛЛА” их сургуульд дадлагжсан Ахлах багш, доктор, дэд профессор Ж.Азжаргал ярихдаа “ШУТИС маань энэ салбарт ажиллах хүний нөөцөө дотооддоо бүрэн бэлтгэж, дэлхийн стандартад нийцсэн өндөр ур чадвартай инженер, техникийн ажилчдыг бэлтгэхийг зорьж байна. Бидний хувьд, ХАЛЛА Их сургуулийн Төмөр замын академид дадлага хийсэн. Сургалт өндөр үр дүнтэй байлаа. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд “Сөүлийн Тээврийн корпораци” компани болон Инчон, Воньжү хотын Төмөр замын корпорацид дадлага хийж туршлагажсан. Эдгээр корпораци нь Галт тэрэгний жолоодлогын симуляторын лаборатори, Цахилгаан тоног төхөөрөмжийн лаборатори, Дохиолол холбооны лаборатори зэрэг нарийн мэргэжлийн бааз суурьтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бэлтгэж буй инженер, мэргэжилтнүүдээ тухайн лабораториудад нарийн чадавхжуулж сургаж байгаа нь бидний хувьд хамтран ажиллах том давуу тал хэмээн харж байна” гэв. “Халла” групп нь БНСУ-д анхны метроны төслийг хэрэгжүүлж, дэд бүтэц, инженерийн салбарт олон арван жилийн туршлагатай байгууллага бөгөөд тус группын бааз суурийг түшиглэн монгол оюутнууд чадавхжих бүрэн бололцоотой болж байна.