transport

ЖОАН АНТОНИН: ПОМА ГРУППИЙН 100 ЖИЛИЙН ТҮҮХ, ТУРШЛАГА, НЭР ХҮНДИЙГ МОНГОЛЫН ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСӨЛД ТАМГАЛНА

2025.09.0182 үзсэн
ЖОАН АНТОНИН: ПОМА ГРУППИЙН 100 ЖИЛИЙН ТҮҮХ, ТУРШЛАГА, НЭР ХҮНДИЙГ МОНГОЛЫН ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТӨСӨЛД ТАМГАЛНА

Яармагийн Арцат орчимд энэ оны гуравдугаар сараас хойш барилга угсралтын ажил завсарлагагүй өрнөх болсон нь Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалт юм. Төслийн талбайд Францын ПОМА группын лого бүхий ажлын хувцас

Яармагийн Арцат орчимд энэ оны гуравдугаар сараас хойш барилга угсралтын ажил завсарлагагүй өрнөх болсон нь Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалт юм. Төслийн талбайд Францын ПОМА группын лого бүхий ажлын хувцастай инженерүүд ПОМА брэндийн тоног төхөөрөмж, эд ангиудыг угсран, бүтээн байгуулалтын бүх гүйцэтгэлд хяналт тавьж, гар бие оролцоно. Тэр дунд барилгын талбайд зааварчилгаа өгч, норм стандартыг ягштал мөрдүүлэн зааварчлах нэг инженер бол Францын Пома группийн барилгын инженер Жоан Антонин юм. Тэрбээр Францын дүүжин замын тээврийн томоохон төслүүдээс гадна Хятад, Орос, Гүрж, Америк зэрэг олон улс оронд Cable car угсарч явжээ. Энэ удаад Монголд “Пома” брэндийг тамгалахаар томилолт өвөртлөн ирээд байгаа нь энэ юм.  

Ноён Жоан Антонин угсралт, хэмжилтийн ажлыг ягштал баримталж, тун гярхай ажиллах аж. Учир нь нэг л жижиг тооцоолол алдвал бүхэл бүтэн системийн ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул бүх л механик ажлыг өөрийн биеэр шалгаж, тооцоолж байлаа. Бэлтгэл ажил дуусч, Дүүжин замын тээврийн тулгуур баганыг босгох их ажил эхлэв. Жоан Антонин инженерингийн багийг ахлан 20 м-ийн өндөртэй тулгуур баганын өөд авирч, угсралтын ажлыг гардан хийж гүйцэтгэх аж. Тулгуур баганын механик гүйцэтгэлийн дараа системийн хяналт хийгдэж, улмаар бүрэн бэхлэх технологи явагдсанаар тулгуур баганын суурилуулалт дуусах ажээ.  

Ажлын түр завсарлага авах үед нь инженер Жоантай цөөн хором ярилцлаа.  

Төслийн тулгуур баганын суурилуулалт амжилттай юу?  

Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй Дүүжин замын тээврийн анхны тулгуур цамхагийг өөрийн биеэр босгосондоо сэтгэл хангалуун байна. Өнөөдөр бол түүхэн өдөр гэж хэлэхийг хүсч байна. Манай баг нийт 19 тулгуур багана босгоно. Эхний босгосон энэхүү тулгуур цамхаг 20 гаруй метрийн өндөртэй. Энэхүү цамхагийг босгохын тулд 3 угсралт хийгээд бууж ирлээ. Тулгуур багана нь хоёр хэсэгтэй, мөн тэнцвэржүүлэгчтэй. Ингээд нийт 3 хэсэг угсралт хийсэн гэсэн үг л дээ.  

Дүүжин замын тээвэр нь түгжрэл буурахад нөлөөлөх нийтийн тээврийн төсөл мөн үү?  

Улаанбаатарын цанын нэгэн баазад дүүжин тээврийг ашигладаг юм билээ. Харин бид Монголын нийслэлд нийтийн тээвэрт ашиглах томоохон бүтээн байгуулалтыг хийж байна. Энэхүү төсөлд бид 40-50 жилийн баталгаа өгнө. Дэлхийн олон улс орнууд нийтийн тээвэрт, ялангуяа түгжрэл бууруулах, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд энэ төслийг ашигладаг болсон. Ганцхан жишээ дурьдахад, Францын нэн хөнгөлөлттэй зээлээр Колумбид дүүжин замын тээврийн төслийг 15 жилийн өмнө байгуулж байсан бол өнөөдөр 6 дахь шугамыг барьж байна шүү дээ.  

Дүүжин замын тээврийн төсөл нь монголд анхдагч төсөл юм. Бүтээн байгуулалтын чанар, стандартад та ямар баталгаа хэлэх вэ? 

Манай инженерингийн баг Монголын газар хөдлөлтийн эрсдэл, геологийн нөхцөл, хөрсний онцлог зэргийг тооцоолж байж тулгуур суурийг бэхэлсэн. Саяхан босгосон 20 м-ийн өндөртэй баганын гүнд 9-15 м-ийн суурь бий. Зарим тулгуурын дор 4, зарим тулгуурын дор 6 суурь хийсэн. Энэ бол маш нарийн технологи. Хүний нүдэнд харагдахааргүй суурийн ажлыг хийсний үндсэн дээр одоо та бүхэнд харагдаж байгаа механик угсралтын ажлыг бид хийлээ. Дүүжин замын тээвэр бол аюулгүйн технологи, эрсдэлгүй нийтийн тээвэр байх ёстой юм.  

Яармаг – Арцат чиглэлд нийт 19 тулгуур багана босгоно. Тулгуур баганын эхний угсралтыг хийлээ. Дараагийн тулгууруудыг ижил стандартаар хийж гүйцэтгэх үү? 

Тулгуур багануудыг угсрах техник нь ижил байх ч, цамхагууд нь нь 6.45 - 42 м буюу өөр өндөртэй. Хамгийн өндөр шугам гэхэд 10 мянган вольтын цахилгааны шугам дээгүүр явна. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, бүх эрсдэлийг тооцоолж ажиллах бэлтгэлийг хангасан. 42 м-ийн өндөртэй тулгуур баганыг угсрахад миний бие ахлан оролцож ажиллана. Энэ дашрамд, Моннис инженеринг болон төслийн багийнхнаа инженер залуусыг магтмаар байна. Шилдэг залуу инженерүүдтэй хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Цаашид багийн монгол залуус маань өөрсдөө төслүүдийг гүйцэтгэх туршлага мэдлэгтэй болж байгаа шүү. Мөн энэ төслийн захиалагч тал нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар юм. Энэ хүрээнд Нэгдсэн төслийн удирдлагын газраас инженерингийн баг гарч, өдөр тутам болон 7 хоног бүр хяналт тавьж, тайлан хүлээн авдаг. Тухайлбал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, механик угсралтын стандарт шаардлага, тоног төхөөрөмжийн хяналт зэрэг бүх л үе шатанд өдөр бүр хяналт тавьж ажиллаж байгаа.  

Таны хувьд мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байгаа вэ?  

Миний хувьд, өндрийн инженер мэргэжилтэй бөгөөд дүүжин замын тээврийн салбарт 20 жил ажиллаж байна. Францын нийтийн тээврийн том төслүүдээс гадна Энэтхэг, Гүрж, Орос, Хятад зэрэг оронд cable car-ыг сүндэрлүүлж байлаа. Дэлхийн хаа сайгүй, олон улс оронд Cable car-уудыг босгож бүтээсэн шүү.  

ПОМА группын тухайд та юу хэлэх вэ? 

Пома групп бол дэлхийн дүүжин замын тээврийн салбарт анхдагчдын нэг. Үйлдвэрлэл, түүхээс гадна хуучин суурилагдсан аппаратуудыг шинэчлэх, төслийнхөө их засварыг хийх, мөн инженер мэргэжилтнүүдээ байнга сургаж бэлтгэдэг туршлагатай компани. Манай групп дэлхий дахинаа cable car-ын 8000 системийг угсарчээ. Өнөөдрийн байдлаар л гэхэд Помагийн 10 гаруй баг дэлхийн өнцөг булан бүрт очиж төслүүдээ хэрэгжүүлж байна. Бүтээн байгуулалт бүхний ард Помагийн нэр хүнд, тамгалагдаж байдаг учир бид алдах эрхгүй, зөвхөн шилдгийг байгуулдаг. Төсөл бүхний ард Франц Улс, Помагийн нэр дурьдагддаг учир төслийн тулгуур баганаас эхлээд бүхий л тоног төхөөрөмж, эд ангиудыг Помагийн үйлдвэрээс 100% нийлүүлдэг. Энэ бол ПОМА брэндийн нэр хүнд юм.  

Cable car-ыг та товчхон үгээр тодотгож, давуу талыг нь дурьдвал? 

Cable car-аас та бүхэн гурван мэдрэмж авна гэдэгт итгэлтэй байна. Миний сонссоноор Улаанбаатарын Яармагаас Өнөр хороолол чиглэлд иргэд зорчихдоо өдөрт дунджаар 1-2 цагийг өнгөрөөдөг гэсэн. Харин энэ төсөл ашиглалтад орсноор 10 минутад л очих газартаа хүрнэ. Хоёрдугаарт, энэхүү тээврээр зорчихдоо хотын үзэмжийг дээрээс нь тольдоно. Мөн маш чимээгүй, тав тухтай байх болно. 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.  

 НТУГ-ын Мэдээллийн технологи, хамтын ажиллагааны алба

Command Palette

Search for a command to run...