УЛС ОРНУУД ХОТЫН ТӨВИЙН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЧААЛЛЫГ БУУРУУЛЖ, ОЛОН ТӨВТ ХОТЫГ ДЭМЖИХ ХҮРЭЭНД ТОЙРОГ ЗАМЫГ ШИЙДСЭЭР БАЙНА

Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь буюу 1км2 нутагт 357 хүн ам төвлөрч байна. Энэ нь дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэг улсын 1 км2 -т ногдох хүн амын нягтралтай адил хэмжээнд хүрсэн тухай су
Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь буюу 1км2 нутагт 357 хүн ам төвлөрч байна. Энэ нь дэлхийн хамгийн их хүн амтай Энэтхэг улсын 1 км2 -т ногдох хүн амын нягтралтай адил хэмжээнд хүрсэн тухай судалгаа гарчээ. Хүн амын хэт нягтрал, авто замын сүлжээний хүртээмж хангалтгүй байгаа нь түгжрэл үүсэх гол шалтгаан болж, үүний улмаас иргэд түгжрэлд өдөрт дунджаар 2.5 цаг, жилд 35 өдрийг өнгөрүүлдэг байна. Тиймээс дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын хүрээнд Улаанбаатар хотод “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Шинэ тойрог зам төслийн явц, хэрэгжилт
Нийслэлийн замын сүлжээ нь хотын төв рүү чиглэн Энхтайвны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлийн дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Шинэ тойрог зам” төсөл нь “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам” гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.
“Нэгдүгээр тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажил 100 хувь дуусч, Зам, тээврийн яамны дэргэдэх холбогдох дэд зөвлөл, Шинжлэх ухаан, техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжигдэж батлагдсан. Нэгдүгээр тойрог замын тендерийн баримт бичиг бэлдэх ажлын хэсэг байгуулах 2025 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн дугаар А/1044 захирамжийн дагуу техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг боловсруулж дуусган, тендерийн баримт бичгийг EPC+F нөхцөлөөр боловсруулсан. "Нэгдүгээр тойрог зам" төслийн замын барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах тендер зарлахаар бэлтгэл ажил хангаж байна.
Төслийн трасс нь Эрчим хүчний гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Баянхошууны уулзвар, Дэнжийн мянга, Хайлааст, Долоон буудал, Да хүрээ, Хилчиний гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөөгөөр дайран өнгөрч, Дүнжингаравын орчимд Туулын хурдны замтай хоёр түвшинд огтлолцох юм. Төслийн хүрээнд хотын төвийг тойрон гарах зургаан эгнээ бүхий нийт 24.7 км урттай авто зам, найман байршилд олон түвшний огтлолцол бүхий уулзваруудыг төлөвлөсөн. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурах тооцоолол гараад байгаа юм.
Харин “Хоёрдугаар тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, урьдчилсан зураг төсөл боловсруулах ажлыг Хятадын Гуандун мужийн “Зам тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп” ХК гүйцэтгэж байгаа бөгөөд 80 хувийн явцтай байна.
Дэлхийн улс орнуудын түгжрэлийг шийдсэн туршлагаас..
Дэлхийн улс орнууд хүн амын өсөлттэй уялдуулсан нийтийн тээвэр, дэд бүтцийн бодлого өргөн хүрээнд хэрэгжүүлдгийн нэг нь хотын тойрог зам юм. Энэ нь авто замын урсгалыг нэг чиглэлд төвлөрөхөөс сэргийлж, тараан зохицуулах бөгөөд энэхүү шийдлийг улс орнууд тээврийн гол коридор болгон хөгжүүлдэг байна. Тухайлбал, Бээжин хот дэлхийд хамгийн олон буюу долоон цагираг зам ашиглалтад орсон ажээ. Эдгээр нь зөвхөн авто зам бус, хотын тэлэлт, эдийн засгийн хөгжлийн хүрээ болж хөгжсөн бөгөөд хотын төвөөр оролгүйгээр ачааны болон алсын замын хөдөлгөөнийг шууд дамжуулдаг байна. Харин Лондонгийн 188 км урттай гол цагираг зам нь Европын хамгийн том, хамгийн завгүй цагираг хурдны замын нэг бөгөөд хөдөлгөөний урсгалын 15%-ийг дангаараа үүрдэг байна. Ийнхүү улс орнууд хотоор дамжин өнгөрөх ачааны болон алсын тээврийг төвөөр оруулахгүй, тойруулж гаргах, хэт төвлөрлийг сааруулж, олон төвт хотыг дэмжих хүрээнд Тойрог замуудыг шийдсээр байна.