road

ХУРДНЫ ЗАМ НЬ ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХАД ШУУД БОЛОН ДАМ НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛЖ, УЛС ОРНУУДЫН ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР БОЛДОГ

2025.09.03187 үзсэн
ХУРДНЫ ЗАМ НЬ ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХАД ШУУД БОЛОН ДАМ НӨЛӨӨЛӨЛ ҮЗҮҮЛЖ, УЛС ОРНУУДЫН ХӨГЖЛИЙН ХУРДАСГУУР БОЛДОГ

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг бол дэд бүтэц, ялангуяа авто замын хөгжлийн асуудал болсон. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд Улаанбаатар хотын баруунаас зүүн захыг холбосон олон түвшний уулзвар бүхий орц, гар

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг бол дэд бүтэц, ялангуяа авто замын хөгжлийн асуудал болсон. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд Улаанбаатар хотын баруунаас зүүн захыг холбосон олон түвшний уулзвар бүхий орц, гарцтай хурдны 33 км автозам барихаар төлөвлөсөн нь “Туулын хурдны зам” төсөл юм.  

Тэгвэл хурдны зам барьснаар ямар нийтлэг үр дүн ажиглагддаг талаар дэлхийн улс орнуудын судалгаанаас тоймлоё.  

Дэлхийн улс орнуудын хурдны замын нөлөөллийн судалгаанаас...  

Дийлэнх улс орнуудын автозамын байгуулалтын хөгжил нь эдийн засаг, нийгмийн хувьд өндөр ач холбогдолтой байдаг төдийгүй ядуурлыг бууруулах гол хүчин зүйл болдог байна. Энэтхэгт гэхэд замын хөгжил - ядуурлын бууралт хоорондын хамаарал хамгийн өндөр байдаг аж. Мөн БНХАУ-д боловсрол болон хөдөө аж ахуйн судалгаанд оруулсан хөрөнгө оруулалтын удаад нь замын хөрөнгө оруулалт бичигддэг. Харин Вьетнамд замын хөрөнгө оруулалт нь боловсролын салбарын ард эрэмбэлэгддэг бөгөөд ядуурлыг бууруулах гол хүчин зүйл болдог байна. АНУ, зарим Европын орнуудын хувьд, хурдны замын ачаар ДНБ өсөж, аялал жуулчлал хүчтэй хөгжин, хүмүүс хотын захруу амьдарч, дэд бүтэц тэлж өргөжсөн зэрэг олон давуу талыг хурдны замтай холбон тайлбарладаг ажээ.  

Судалгаанаас нийтлэг ажиглагддаг нэгэн дүгнэлтийг онцолбол, автомашины шатахуун зарцуулалтын нэгж километрт ногдох хэмжээ багассанаар авто техникийн элэгдэл, хорогдол эрс буурч, иргэдийн хувийн автомашины ашиглалтын байдалд хурдны автозамын байгуулалтын хөгжлийн үр нөлөө ажиглагддаг аж. Мөн зам дагуух жижиг зочид буудлууд, шатахуун түгээх газрууд, өргөн хэрэглээний болон хүнсний бараа бүтээгдэхүүн худалдаалах цэг, хүүхдэд зориулсан бага хэмжээний тоглож саатах газар, тоглоомын дэлгүүр зэрэг хурдны автозамаар зорчигчид түр амарч үдлэх газрууд олноор нэмэгддэг байна. Эдгээр салбарт хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр ажлын байр эрс өсдөг судалгаа гарчээ. Хурдны автозамын байгуулалтыг даган олон улсад хөгжиж ирсэн нийтлэг жишиг бол тэдгээр жижиг бизнесийн хөрөнгө оруулалтаас үүдэн бий болсон ажлын байр олноор нэмэгдэж, хүн амын орлого өсөх нь ядуурлыг бууруулахад шууд нөлөөлдөг байна.  

Туулын хурдны зам төслийг судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх дэмжсэн  

Энэхүү төслийг хэрэгжүүлэхээс өмнө олон нийтийн үзэл бодол, нийгмийн хандлага, үр өгөөж, хэрэгцээ шаардлага болон байгаль орчны төлөв байдал зэргийг судалж, нийслэлийн 9 дүүргийн оршин суугч иргэдийг түүврийн аргын судалгаанд хамруулжээ. Насны ангиллаар авч үзвэл, 18-25 насны иргэд нийт оролцогчдын дөрөвний нэгийг эзэлсэн бол 26-35 насны иргэд 27.9 хувь, 36-45 насны иргэд 26.1 хувь, 46-60 насны иргэд 15.4 хувь байсан. Мөн 5.3 хувь нь 61-ээс дээш насныхан байв.  

Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 85.8 хувь нь Улаанбаатар хотын баруун зүүн захыг холбосон олон түвшний уулзварууд бүхий орц, гарцтай хурдны автозам барихыг дэмжинэ гэжээ. Хурдны зам барьснаар хүмүүсийн сэтгэл зүйд эерэг өөрчлөлт гарна гэдэгтэй санал нийлж буйгаа илэрхийлсэн байна. Тэр дундаа замын түгжрэл буурч, цаг хугацаа хэмнэснээр хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, ар гэртээ зарцуулах цаг завтай болно гэдгийг судалгаанд тодотгож хариулжээ. 

Төслийн өнөөдрийн явц, хэрэгжилт  

“Туулын хурдны зам” төслийн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Туулын хурдны зам болон үерийн байгууламжийн нөлөөлөлд Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нийт 115 нэгж талбар өртсөн бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас холбогдох иргэн, хуулийн этгээдүүдэд газар чөлөөлөх талаар албан бичгээр урьдчилан мэдэгдэж, нөхөх олговрын зориулалттай хөрөнгийн үнэлгээ хийгдэж байна.  

Төслийн гүйцэтгэгчийг сонгох олон улсын нээлттэй тендерийг зарлаж, нийт дөрвөн компани оролцсоноос Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК тай гэрээ байгуулан, бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангуулж байна.  

Command Palette

Search for a command to run...