power

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН ГЭРЭЭНИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

2025.09.07171 үзсэн
ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН ГЭРЭЭНИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЭХЛҮҮЛЭЭД БАЙНА

Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хомсдолыг арилгаж, салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих

Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хомсдолыг арилгаж, салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.  

Тус төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг нээлттэйгээр 4 үе шаттайгаар зохион байгуулж, үүнд дотоод, гадаадын нийт 8 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн. Үүнээс “Митайм Интернэшнл” ХХК шалгарч, гэрээний хэлэлцээрийг Сонгон шалгаруулалтад эрэмбэлэгдсэн хувийн хэвшлийн түншлэгчтэй түншлэлийн гэрээний дагуу хийсэн байна. Гэрээний гол нөхцөлийг тохирох чиг үүрэг бүхий ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын 2025 оны 08-р сарын 29-ний өдрийн А/1223 дугаар захирамжаар байгуулагдсан бөгөөд нэг сарын хугацаанд хэлэлцээрийг хийнэ. Тус ажлын хэсэг нэгдүгээрт эрэмбэлэгдсэн оролцогчтой гэрээний хэлэлцээр хийж эцэслэн дүгнэнэ.  

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ТЭЦ-2 хойд талын Үнсний талбайд барихаар ТЭЗҮ-д тусгагдсан. Тус байршлыг сонгосон шалтгаан нь нийслэлийн дулааны төв магистраль нь ТЭЦ2, ТЭЦ4-тэй холбогдсон учир нэмэлт өргөтгөл магистраль хийх шаардлагагүй. Мөн төмөр замаар нүүрс тээвэрлэх дэд бүтэцтэйн зэрэгцээ үйлдвэрлэлийн бүсэд байрлах зэрэг давуу талтай гээд газарзүйн байрлал, төмөр зам, логистикийн шийдлийг харгалзжээ.  

Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд баригдах бөгөөд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байх юм. Тус станц ашиглалтад орсноор нийслэлийн баруун бүс буюу нийт 40 мянган айлыг дулаанаар хангах бөгөөд Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3-4 дүгээр хороолол, нэгдүгээр хорооллыг хамарна.  

Төслийн ТЭЗҮ-д тусгаснаар нийт 24 сарын хугацаанд барилга бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, 30 сарын дараа улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөсөн байна. Нийт 20 га талбайд байгуулах бөгөөд 15 га бүхий ТЭЦ-2 талбайгаас гадна 26 нэгж талбарыг эзлэхээс одоогийн байдлаар 5 нэгж талбар үлдээд байгаа ажээ. Газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна.  

Төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих “Дулааны 5 дугаар цахилгаан станц” төсөл нь эрчим хүчний үнийг тогтвортой болгож, дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой.  

Монгол Улсын хэмжээнд цахилгаан-дулаан хосолсон томоохон төслүүд 1984 оноос хойш баригдаагүй бөгөөд ийнхүү төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулиар ТЭЦ-5 төслийг хэрэгжүүлэхээр хөгжлийн төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.   

Command Palette

Search for a command to run...