БАГАХАНГАЙ–ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД 2500 ГАРУЙ ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТЭН ОРОЛЦОЖ БАЙНА

2025.09.18107 үзсэн
БАГАХАНГАЙ–ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД 2500 ГАРУЙ ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТЭН ОРОЛЦОЖ БАЙНА

Нийслэлд Олон улсын стандартын шаардлага хангасан нэгдсэн ачаа тээврийн логистикийн төв байдаггүйгээс хотын төвд байрлах 10 гаруй терминал, 300 гаруй салбар замаар дамжин нийслэл болон 21 аймагт ачаа барааны түгээлт хийг

Нийслэлд Олон улсын стандартын шаардлага хангасан нэгдсэн ачаа тээврийн логистикийн төв байдаггүйгээс хотын төвд байрлах 10 гаруй терминал, 300 гаруй салбар замаар дамжин нийслэл болон 21 аймагт ачаа барааны түгээлт хийгддэг. Энэ нь авто замын эвдрэл, түгжрэл болон агаар, хөрс, орчны бохирдолд сөргөөр нөлөөлөн, аюултай бараа бүтээгдэхүүн нийслэлийн төвөөр нэвтрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын “Төмөр замын салбар зам барихтай холбоотой зарим арга хэмжээний тухай” 21 дүгээр тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр баталснаар Багахангай – Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл хэрэгжихээр болсон. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр ачаа тээврийн терминалуудыг хотын төвөөс гаргаж, зохион байгуулалтыг шинэчлэхэд чиглэнэ.  

УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайран Хөшигийн хөндийд хүрэх уг төмөр зам нь гуравдугаар зэрэглэлийн ангилалтай, нийт 102.5 км урт, 1520 мм царигтай бөгөөд гурван өртөө, дөрвөн зөрлөг, 2.5 км урт гүүрэн байгууламжтайгаар төлөвлөгдсөн.  

Төслийн барилга угсралтыг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Эхний шатанд Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.4 км төмөр замын дээд, доод бүтцийн ажлыг хийнэ. Хоёрдугаар шатанд Хөшигийн өртөөнөөс Шувуун фабрик хүртэл 14.6 км төмөр замын барилга угсралтыг гүйцэтгэх юм. Тус төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тухайлбал, Ухмал байгуулах ажил 98.72%, Далан байгуулах ажил 91.58%, Дам нуруут гүүр 76%, Дугуй хоолойн ажил 75.36%, Hучилтын ажил 44.81% гүйцэтгэлтэй байна. 

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд дотоодын 110 орчим аж ахуйн нэгж, 2500 гаруй мэргэжилтэн оролцож байна. Төмөр замын дэлгэмэл урт нь 151.2 км, голын даац 25 тонн, жилд дунджаар 3.5 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм. 

Хөшигийн хөндий рүү салбар төмөр зам баригдсанаар орон нутаг, аймгууд руу явах болон импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнийг нийслэл рүү оруулалгүйгээр “Хөшигийн хөндий” болон “Оргоч уул” терминалаас шууд хүлээн авах боломжтой болно. Ингэснээр хот доторх том оврын ачааны автомашины хөдөлгөөний ачаалал 50 хүртэл хувиар буурах тооцоолол гараад байна.  

Command Palette

Search for a command to run...