БАЯНХОШУУ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАЛТ: НОГООН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Баянхошуу хот орон сууцжуулалтын төслийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын бүсийг дахин төлөвлөж, иргэдийг дэд бүтцэд бүрэн холбогдсон, аюулгүй, эрүүл, байгаль орчинд ээлтэй орчинд амьдрах нөхцөлөөр хангах зорилгоор орлог
Баянхошуу хот орон сууцжуулалтын төслийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын бүсийг дахин төлөвлөж, иргэдийг дэд бүтцэд бүрэн холбогдсон, аюулгүй, эрүүл, байгаль орчинд ээлтэй орчинд амьдрах нөхцөлөөр хангах зорилгоор орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг Баянхошуу болон Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж байна. Уг төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нийт 60 гаруй га талбайд 5000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн.
Төслийн эхний үе шатанд Баянхошуу дэд төвд 462 айлын 13 блок орон сууц, Шархад дэд төвд 338 айлын 10 блок орон сууц болон үйлчилгээний барилгыг барихаар ажиллаж байна. Тус ажлын хүрээнд өнгөрсөн сард Баянхошуу дэд төвийн B15 талбарт баригдсан 110 айлын 4 блок орон сууц, Шархад дэд төвийн S27-5 талбарт баригдсан 110 айлын 4 блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Ингэснээр нийт 220 айлын 8 блок орон сууц ашиглалтад орсон бөгөөд бусад талбаруудын барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Тухайлбал, Баянхошуу дэд төвийн 336 айлын 10 блок орон сууцны B13-1 талбарт баригдаж буй 150 айлын 4 блок орон сууцны барилгын ажлын явц 67-70 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн B13-2 талбарт баригдаж буй 76 айлын 2 блок орон сууцны барилгын ажил 52 хувийн явцтай үргэлжилж байна.
Шархад дэд төвийн хувьд S27-2 талбарт баригдаж буй 152 айлын 4 блок орон сууцны барилгын ажил 60-69 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол тус талбайд баригдаж буй 76 айлын 2 блок орон сууцны барилгын ажил 49 хувийн гүйцэтгэлтэйгээр үргэлжилж байна.
Уг төсөл нь орлогод нийцсэн төдийгүй “ногоон” шийдэл бүхий орон сууцуудыг төлөвлөснөөрөө онцлог бөгөөд цахилгаан болон усны хэрэглээг хэмнэх ухаалаг системээр тоноглогдсон. Үүний үр дүнд эдгээр орон сууцанд амьдрах иргэдийн эрчим хүч, усны хэрэглээ энгийн орон сууцтай харьцуулахад 20-30 хувиар хэмнэгдэх боломжтой юм.
Төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын бүсэд дэд бүтцийн иж бүрэн шинэчлэл хийгдэж, дулаан, усан хангамж, цахилгаан эрчим хүчний ухаалаг хэрэглээг нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн шинэ жишиг орчныг бүрдүүлэх юм.