ДҮҮЖИН ЗАМЫН ТЭЭВЭР ТӨСӨЛД ЕВРОПЫН ХОЛБООНЫ 15 СТАНДАРТЫГ MNS БОЛГОЖ НУТАГШУУЛСАН

Дүүжин замын тээвэр төсөл нь хүн амын нягтрал, автозамын түгжрэлээс үл хамаарах нийтийн тээврийн нэг төрөл болсон. Энэ үүднээс нийслэлийн баруун болон урд бүсийн ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг – Хархорин чи
Дүүжин замын тээвэр төсөл нь хүн амын нягтрал, автозамын түгжрэлээс үл хамаарах нийтийн тээврийн нэг төрөл болсон. Энэ үүднээс нийслэлийн баруун болон урд бүсийн ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг – Хархорин чиглэлд Дүүжин замын тээврийн төслийг хэрэгжүүлж буй. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус чиглэлд зорчих урсгалын 18 хувь нь Дүүжин замын тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэнэ.
Тус төслийн гүйцэтгэл одоогийн байдлаар 38 хувьтай байна. Нийт 19 тулгуур багана, 2 буудлын барилга баригдахаас хоёр талын буудлын барилга угсралтын ажил үргэлжилж, тулгуур багануудын шон суурийн ажил бүрэн дууссан бөгөөд тулгуур баганын суурийн ажлын явц 75 хувьтай байна. Одоогоор 19 тулгуур баганаас 6 баганыг бүрэн угсраад байгаа юм.
Төслийн нийт барилга угсралтын ажлыг Францын “Пома групп” болон “Моннис инженеринг” ХХК-ийн нийт 90 гаруй хүний бүрэлдэхүүн, 15 машин механизм, ашиглан явуулж, гүйцэтгэл 18 хувьтай байна.
Дүүжин замын тээврийн материал, тоног төхөөрөмжүүдийг Франц Улсаас үе шаттайгаар тээвэрлэн оруулж ирж байгаа бөгөөд одоогийн байдлаар 103 чингэлэг ачаа буюу нийт ачаа тээврийн 69 хувь нь бууж, төслийн хэрэгжилтэд ашиглаж байна.
Техникийн аюулгүй ажиллагаа
Дүүжин замын тээвэр төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сард эхэлсэн бөгөөд 2026 оны 10 дугаар сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Аюулгүй байдлыг хангах хамгийн чухал баталгаа нь стандартын шаардлага хангах үзүүлэлт юм. Дүүжин замын тээвэр нь сүлжмэл 6 томоосноос бүрдэх 216 ширхэг ган утас бүхий ган татлагатай, нэг багц буюу томоос нь 36 ган утастай бөгөөд олон улсын стандартын дагуу үйлдвэрлэгдсэн байна. Ган татлага нь "В" маркийн, ачаа-хүн тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй, өөрийн механик болон чанарын үзүүлэлтүүдээр мөрдөгдөж буй техникийн нөхцөл, стандартын шаардлагыг хангасан утсаар үйлдвэрлэгдсэн.
Монгол Улсын хууль тогтоомжийн зохицуулалт
Дүүжин замын тээвэр нь манай улсад анх удаа нэвтэрч байгаа шинэ систем учир хууль эрх зүйн зохицуулалтгүйюм. Харин Зам тээврийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хамтарсан ажлын хэсгээс гаргасан “Аюулгүй ашиглалтын журам” бий. 2010 онд баталсан тус журмаас өөр ямар нэг зохицуулалт байгаагүй учир 2023 оноос эхлээд Европын Холбооны 15 стандартыг MNS болгож нутагшуулсан. Энэхүү стандартууд нь хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлагууд юм. Монголын нөхцөлд бүрэн нутагшчихаад байгаа эдгээр стандартууд дүүжин замын тээврийн хууль эрх зүйн зохицуулалтын суурь болно. Европын Холбооноос нутагшуулсан аюулгүй ажиллагааны 15 стандартыг мөрдөөд ажиллах боломжтой бөгөөд эдгээр стандартад үндэслэн дүүжин замын тээврийн ашиглалтыг хариуцах байгууллага нь ашиглалтын үеийн дүрэм журмыг боловсруулж, зорчигчдод мөрдлөг болгон ажиллана. Зөвхөн дүүжин замын тээвэр гэлтгүй метро, трамвай зэргээр бүх төрлийн нийтийн тээврийг хөгжүүлэх багц хууль гаргахаар ажиллаж байна.
Тог тасарвал яах вэ?
Дүүжин замын тээвэр нь Яармаг - Хархорин чиглэлд 2 буудал байна. Нийт үргэлжлэх 4.2 км замд тог тасрахад нөөцийн генератор ажиллаж системийг аюулгүйн горимоор ажиллуулна ингэснээр цахилгааны тасалдал үүссэн тохиолдолд зорчигчдыг эрсдэлгүй, аюулгүй татан авах нөхцөл бүрдэнэ.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангаж байна вэ?
Төслийн талбайн аюулгүй ажиллагааг хангах ажлын хүрээнд ХАБЭА болон Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан эрсдэлийн үнэлгээ, Ажлын аюулын дүн шинжилгээг ажилбар тус бүр дээр хийн аргачлал боловсруулж холбогдох журмуудыг батлуулан ажил гүйцэтгэх зөвшөөрлийг тухай бүрт нь авч хэрэгжүүлж байна.
Төслийн талбайд ажил гүйцэтгэж буй ажилчид, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, тусгай хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэж холбогдох өндрийн болон шаардлагатай сургалтуудад бүрэн хамрагдаж төслийн барилга угсралтыг гүйцэтгэж байна. Өргөлтийн болон аюултай бүсэд тэмдэг тэмдэглэгээ, хаалт хашилтыг стандартын дагуу байршуулж, галын аюулгүй байдлыг хангуулан ажилладаг.
Мөн эдгээр ажлын хүрээнд Сар бүр Нэгдсэн төслийн удирдлагын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар болон гүйцэтгэгч байгууллагууд хамтран ХАБЭА-н ажлын байрны үзлэг шалгалтыг тогтмол зохион байгуулж, илэрсэн аюул эрсдлийг арилгах болон сайжруулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.