ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС /BRT/: НЗДТГ, САНГИЙН ЯАМ, АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК ХООРОНД “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ” БАЙГУУЛЛАА

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд Тусгай замын автобус (BRT) төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны зөвлөх “Far East Mobility” ко
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын авто замын сүлжээний хөндлөн чиглэлд Тусгай замын автобус (BRT) төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны зөвлөх “Far East Mobility” компаниас тусгай замын автобусны коридорын харьцуулсан судалгаа, урьдчилсан төлөвлөлтийг хийсэн.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны хүрээнд боловсруулж, есдүгээр сард Зам, тээврийн яамны Авто тээврийн дэд зөвлөлөөр хэлэлцүүлэн дэмжигдсэн бөгөөд 2026-2030 онд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк болон Сангийн яам хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан гарын үсэг зурж баталгаажуулж, зээлийн хэлэлцээрийн бэлтгэл ажлыг хангаж байна.
Тусгай замын автобус /BRT/ төсөл нь хүн төвтэй шийдлүүдийг тусгаснаараа онцлог бөгөөд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд аюулгүй, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх дэд бүтцийг бүрдүүлэхэд чиглэдэг. Жишээлбэл, автобусны шал болон зогсоолын тавцангийн өндөр ижил түвшинд байхаар төлөвлөсөн нь зорчигч сууж, буухад аливаа хүндрэлгүй байх нөхцөл бүрдүүлж, ялангуяа тусгай хэрэгцээт иргэд, ахмад настнууд болон дугуйтай иргэдийн зорчих боломжийг хөнгөвчилдөг аж.
Улаанбаатар хотын нийтийн тээврийн зорчигч урсгал сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байна. Тухайлбал, 2016 онд хийгдсэн зорчилт хөдөлгөөний судалгаагаар нийтийн тээврийн зорчигч урсгал нь нийт зорчилт хөдөлгөөний 51 хувийг эзэлж байсан бол 2022 оны судалгаагаар энэ үзүүлэлт 34 хувьд хүртэл буурсан байна. Иймд олон төрөлт нийтийн тээврийг хөгжүүлэх хүрээнд Тусгай замын автобус BRT төслийг нийслэлийн хөндөн чиглэлд хэрэгжүүлэхээр болсон бөгөөд тус маршрут нь Ард Аюушийн өргөн чөлөө (П.Н. Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн баруун талд байрлах эхлэх зогсоолоос) - Энэбишийн өргөн чөлөө - Их тойруугийн өргөн чөлөө (Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамжуудыг холбох) - Намъянжүгийн гудамж - Их хүрээ гудамж (Глобал сургуулийн баруун талд байрлах эцсийн зогсоол) гэсэн чиглэлд, нийт 12.9 км урттай, 19 зогсоолтой байхаар төлөвлөөд байна.