БАГАХАНГАЙ ХҮННҮ ХОТ ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМ ТӨСӨЛ: Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл ухмал байгуулах ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэл Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, хотоос аюултай болон импортын ачаа барааг нэвтрүүлэхгүйгээр гадна бүсэд буулган, логистикийн төвөөр дамжуулан түгээх зорилгоор “Багахангай-Хүннү хот чиглэлийн салб
Нийслэл Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, хотоос аюултай болон импортын ачаа барааг нэвтрүүлэхгүйгээр гадна бүсэд буулган, логистикийн төвөөр дамжуулан түгээх зорилгоор “Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл” хэрэгжүүлж байна. Хөшигийн хөндий болон Оргоч уул дахь терминалаас бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах, түгээх шинэ дэд бүтцийг бий болгоход чиглэж байгаа юм.
Багахангай Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам төсөл Хөшигийн хөндийн "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл чиглэнэ. Энэхүү 3 дугаар зэрэглэлийн төмөр зам нь 102.5 км урттай, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байх юм.
Төслийн барилга угсралтын ажлыг хоёр үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шатанд УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх бөгөөд бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Тодруулбал, ухмал байгуулах ажил 94.87 хувь, далан байгуулах ажил 95.09 хувь, дам нуруут гүүрний ажил 90.01 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол дөрвөлжин болон дугуй хоолойн ажил 74.49 хувийн явцтай байна.
Харин хоёрдугаар үе шатанд Хөшигийн өртөөнөөс Шувуун фабрик хүртэлх 14.6 км төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх юм.
Төслийн эхний үе шатны газар шорооны ажлыг Монгол Улсын 37 компани гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид нийт 110 орчим аж ахуйн нэгжийн 2500 гаруй инженер, техникийн ажилтан, мэргэжилтнүүд оролцож бүтээн байгуулахаар төлөвлөгдсөн.