"ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН ЯВЦАД 1600 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО

Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч, төвийн бүсийн эрчим хүчний систем ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Иймд Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн зүгээс эрчим хүчний томоохон төслүү
Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч, төвийн бүсийн эрчим хүчний систем ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Иймд Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн зүгээс эрчим хүчний томоохон төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Дулааны тавдугаар цахилгаан станцын төсөл юм.
Тус станцыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн ДЦС II-ын үнсэн сангийн талбайд барихаар төлөвлөсөн бөгөөд нийт 26 га талбайг хамарна.
Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчээр "Митайм Интернэшнл" ХХК шалгарч, улмаар гэрээ байгуулах, гэрээний хэлцэл хийх үйл явц ажлын хэсгийн хурлуудаар үргэлжилсэн. Улмаар Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас “Митайм Интернэшнл" ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан билээ. Өчигдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит V хуралдаанаар “Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг Нийслэлийн Засаг даргад олгох тухай тогтоолыг баталсан.
Гэрээ байгуулагдаж төслийн барилга угсралтын ажил эхлэхтэй зэрэгцэн нийт 1600 шууд ажлын байр, харин ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр бий болох тооцооллыг ТЭЗҮ-д тусгасан. Тодруулбал, дотоодын ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьж буй бөгөөд барилга угсралтын үе шатанд нийт ажиллах хүчний 10-аас дээш хувийг дотоодоос бүрдүүлнэ. Түүнчлэн станц ашиглалтад орсноос хойш эхний 3-14 жилийн хугацаанд дотоодын ажиллах хүч 50 хувиас дээш, 15 дахь жилээс эхлэн 75 хувиас дээш байхаар төлөвлөж байна.
Мөн төсөл хэрэгжих явцад мэргэшсэн, ур чадвартай боловсон хүчнийг дотооддоо бэлтгэхэд анхаарч, симуляцийн сургалтын төв байгуулахаар төлөвлөсөн. Уг сургалтын төвөөр дамжуулан нийт 150 инженерийг сургах бөгөөд их, дээд сургуулиудтай хамтран оюутнуудад дадлага хийх боломж бүрдүүлж, орон нутгийн инженерүүдийг бие даан ажиллах чадвартай мэргэжилтнүүд болгон бэлтгэх юм. Энэ нь зөвхөн тус төслийн хүний нөөцийн хэрэгцээг хангаад зогсохгүй, Монгол Улсын эрчим хүчний салбарт чадавхтай мэргэжилтнүүдийг дотооддоо тасралтгүй бэлтгэх суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.